Манан дунд дэлбээлсэн цэцэг

Сургууль нийгмийн тархи бол боловсрол түүний оюун нь юм. Иймд сургууль, бо­ловсрол хү­ний тархи лугаа нэгэн адил байнга өөрчлөгдөж, шинэч­лэгдэж байх жамтай ажээ. Ний­гэмд шинэ шаардлага, хувь хүний амьдралд шинэ хэрэгцээ, сонирх­лыг буй болгосон "ардчилсан” гэ­сэн тодотголтой хувьсгалт өөрч­лөлтийн үзэл санаа, үндсэн зарч­мын дагуу боловсрол, сургуулийг шинэчлэн өөрчлөх томоохон зорилт энэ талбарт ажиллагсдын өмнө тавигдаж, өнгөрсөн жилүү­дэд эрчимжин хэрэгжиж ирлээ.
 
Өнгөрсөн он жилүүдэд хэрэг­жиж ирсэн сургууль, боловс­ролын шинэчлэлийн мөн чанар нь хэт төвлөрлийг сааруулж, олон талт оролцоо, хяналтыг сайжруу­лах, боловсролын үйлчилгээг хүр­тэх боломжийг хүүхэд бүрт адил, тэгш олгох, сургуулийн ор­чинд хүүхдийн эрхийг хамгаалах, тэднийг хүндэтгэсэн хүмүүнлэг, нөхөрсөг харилцааг буй болгох, сургууль, боловсролын байгуул­лагын бие даасан байдлыг хангаж, түүнийг эдийн засгийн аргаар удирдах боломж нөхцлийг сайж­руу­лах, багш, судлаачийн акаде­мик эрх чөлөө, бие даасан байд­лыг ханган хүндэтгэх, боловс­ролын үйлчилгээний чанарын өсөл­тийн тасралтгүй байдлыг хан­гах, сургуулийн бүтцийг дэл­хийн нийтийн жишигт ойртуу­лахад оршиж байв. Энэхүү шинэч­лэлийг хийсэн өнгөрсөн он жилүү­дэд бидэнд олсон ололт цөөнгүй, бас алдсан алдаа багагүй. Олсон ололт маань бидний сэхээрэл, оюун­лаг байдал, бүтээлч чадвар, хүн­лэг сэтгэл, их зүтгэлийн үр, хам­тач хөдөлмөрийн эерэг үр дүн бол алдсан алдаа маань, харин, су­далгааг үл тоох нийгмийн ханд­лага, судлаачийг үл хүндэтгэх нийг­­мийн араншин, увайгүй сэт­гэл, залхуурах, бэлэнчлэх, хял­барч­лах, хуулбарлах сэтгэлгээ болон аминч үзэл, бас, судал­гаа­ны үндэслэл муутай бодлого, шийд­вэр, түүний бэлтгэлгүй, бү­тэл­­гүй хэрэгжилт, мөн боловсон хүчний мэргэшсэн, мэргэжсэн байдлыг бус, харин тухайн бүл­гийн ашиг, сонирхолд хэт хөтлөгд­сөн оноогүй, бас зохиогүй томил­гооны олиггүй үр дагавраас ул­баа­тай.
 
Мэргэшил, мэргэжлийн хү­чинд бус, харин, удирдлагын оноо­гүйн хамт зохиогүй томилгооны дүнд боловсролын салбар багагүй алдаж эндсэн өнгөрсөн жилүүдэд хүнээ чадваржуулж, улс, үндэст­нээ хөгжүүлэх гэсэн бүтээн бай­гуу­лалт, бүтээлч санаачилга, бү­тээлч үйлс, шилдэг, шинэ санааны ихэнх нь мунхаглалын мананд төөрч бүдрэн, улмаар хумхын тоос мэт замхран үгүй болсон бай­хад, МОНГЕНИ л харин бадам­лянха цэцэг адил хувь тавиланг туулж, хүмүүн төрөлхтөний эдүгээ ца­­гийн соёл иргэншилд монгол сур­гуулийн дүр төрхийг илтгэн ха­руулсан монгол брэнд болтлоо цэцэглэн дэвжсээр буй нь гай­халтай, бас бахархууштай.
 
"МОНГЕНИ”-ны энэхүү гайхам агаад бахархууштай амжилтын үн­дэс нь ид шидийн хүчинд бус, ха­рин эгэл монгол хүмүний шинж­лэх ухаанч, холч сэтгэлгээнд; мөн түүний эх орон, улс үндэст­нээ гэсэн гал халуун сэтгэл, бас мя­т­­­рашгүй зүтгэлд; хамгаас чухал нь, мунхаглалын манан, авил­галын давалгаа дор харийн брэнд, харийн технологи ашиглан эх нутаг, элгэн түмнээсээ мөнгө хүүлэх бус, харин монгол ахуй, мон­­гол соёл, монгол уламж­лал, монгол ардын сургах ухаа­ныг нэвт шингээсэн сургал­тын ташуу хэмийн арга, сур­галтын шинэ хэлбэр, үндэсний шинэ техно­логийг бүтээж, тэд­гээрийг оновч­той хэрэглэ­сэнд орш­мой.
 
"Шаварт үндэслэж, усанд ургаж тэмцэн, тэмцэж урга­саар нуурын мандалд хүрч гэрэл үзэн, баясан дэлбээл­дэг” бадамлянхуа цэцэг лугаа адил хөгжин дэвжсээр байгаа "МОНГЕНИ”-ны амжилтын зам­налын амин сүнсийг түмэн олноо дэлгэн толиулахын учир болвоос, нэг талаас, эх ну­таг, элгэн түмний залгамж хол­боо, хойч үе болох монгол хүүх­дийн төлөө сэтгэл, зүтгэл гаргаж, бэрхшээлийн өмнө шантаршгүй ажиллаж ирсэн жирийн нэгэн монгол хүний эрхэм ухаан, энгүй туршлага, их үйлсийг "монгол муухай, монгол хүн муу” мэт харагдаж буй энэ цаг дор сайны жишээ бол­гон харуулах, нөгөө та­лаас, монгол сургуулийн мон­гол менежментийн давуу тал, холч харааг танилцуулахад оршвой.
 
"МОНГЕНИ” СУДЛААЧИЙН БҮТЭЭЛ, ОЮУНЫ ӨМЧ
 
Өмч гэдэг олон янз. Анх­наа­саа л нүдэнд харагдаж, гарт ба­риг­давч, элэгдэж, дуусдаг хувь тавилантай материаллаг өмч гэж байхад эхлээд оюунд бууж, дараа нь оюуны бүтээл-төсөл болж, эцэст нь сүндэр­лэн харагдаж, ундран баяждаг оюуны өмч гэж бас байна. Мун­хаглалд манарсан өнгөрсөн он жилүүдэд энэ улсад мате­риал­­лаг өмч илүү тахигдаж, харин оюуны хөдөлмөрийн үр-оюуны өмч үл тоогдож, үнэ­гүй­дэв. Үүнийг тодруулахын тулд хоёр өөр улсад нэг сэд­вийн дор өрнөсөн хоёр янзын ярилцлагыг дор товчлон сий­рүүлье.
 
Австрали улсын ерөнхий сайдаар олон жил ажилласан нэ­гэн хүн хэвлэлийн бага хур­лын нээлтэнд дээр "Амьдрал амаргүй, Тийм биш гэж үү” (Life is not easy, Isn’t it so?) хэмээн хэлээд "Энэ үг өнөөдрөөс эх­лэн миний оюуны өмч болсныг Та бүхэн гэрчилж байна” хэ­мээн хошигносон байдаг. Энд эр­хэм ерөнхий сайд асан "Хү­ний оюунаас гарсан үг, өгүүл­бэр бүхэн оюуны бүтээл, оюуны өмч” болохыг хошигно­сон хэлбэрээр онцлон тэм­дэг­лэ­жээ.
 
Хэдэн жилийн өмнө монгол залуус Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг хятад зоо­гийн газрын хаалгыг сүх­дэж тан­хайрсан нэгэн тусгүй хэ­рэг гарч байсны уншигч ав­хай Та магад санаж байгаа буй заа. Тэр үед Монгол Улсын Их Хур­лын нэгэн гишүүн, сайд "Энэ ноцтой хэрэг. Учир нь, энэ үйлдэл хүний хувийн өм­чид халдаж байна. Хувийн өмч Үндсэн Хуулиар хамгаалагд­сан” гээд л их л сүржигнэж байж билээ. Энд их хурлын ги­шүүн маань тус зоогийн газрын оюуны өмчийн тухай онцгой­лон ер дурдсангүй тул тэрээр ма­гад материаллаг өмч, тод­руулбал, хаалга, ширээ­ний та­лаар л санаагаа илүү ихээр зо­воож байж мэдэх юм.
 
Өгөөгүйг авах нь хулгай­чийн зан, хөлс дуслуулах­гүйгээр ор­лого олж, хөрөнгө бос­гож, өмчтэй бо­лох нь авил­галчийн араншин юм. Хулгай ч зан, авилгач аран­шинг зайлуу­лахын үндсийн үндэс нь болох "ариун цагаан хөдөл­мөр”-шу­дарга хөдөлмөр, тэр тусмаа, оюуны хөдөлмөр, оюуны өмч гэж байдаггүй юм шиг л, бай­лаа ч үнэ­гүй юм шиг болгосон мун­­хаглалд манар­сан өнгөр­сөн он жилүүдэд МОНГЕНИ, ха­рин, суд­лаач хүн өмчтэй, оюу­­­ны өмч хүчтэйн нэгэн батал­­гаа, нотолгоо болж сүн­дэр­лэв.
 
Нүдэнд харсныг оюунд хардаг бус, харин оюунд харсныг нүдэнд хардаг гэдэг. Судлаач хүн аливаа шинэ зүйлийг оюундаа анхлан буул­­гахад мунхаглалын бус, ха­рин ном, эрдмийн талбарт их хөлс урсгаж, их зүтгэл, мят­раш­гүй сэтгэл гаргадаг жамтай. "МОНГЕНИ” бол Нүрзэдийн Лхаг­ваа хэмээх энэ эгэл-эрхэм мон­гол судлаачийн тийм их сэт­гэлийн үр, тийм их зүтгэлийн дүн, олон жилийн оюуны тийм ажлынх нь шим, сувд нь юм. "МОНГЕНИ”-ны өнөөгийн дүр төрх, ирээдүйн дүр зураг нь эхлээд суд­лаачийн оюунд бууж, дараа нь төсөл-цаас болж, эцэст нь түмэнд хараг­да­хуйц, бас заримд шүүмжлэгдэ­хүйц, хам­гийн хошин нь, мунхагт атаархахуйц бүтээн бай­гуулалт бол­жээ. Өмчийг дээдийн дээдээр дээдэлж, түүнд дурлаж буй энэ цагийн өнгөөр хэлбэл, МОНГЕНИ бол монгол судлаачийн оюуны бү­тээл, оюуны өмч нь юм. Энэ өмч түүний өмч болохыг ч албан ёсоор баталгаажуулж мөн өгчээ. Иймд энэ эгэл эрхэм Монгол Ул­сын Үндсэн хуулиар хамгаа­лаг­дах "МОНГЕНИ” гэсэн элэгдэж дуусдаг бус, харин, ундран баяж­даг оюуны өмч-хүчтэй өмчтэй ажээ.
 
Эрхэм судлаачийн оюуны бү­тээл, оюуны өмч нь болох МОН­ГЕНИ бусдаас ялгаран оршихуйн шинжлэх ухааны үндэс, арга бил­гийн хүч нь нэг талаас, судлах агуулгыг онож сонгох ташуу хэ­мийн шинэ арга, технологи, нөгөө талаас, хүүхэд бүрийн баруун бо­лон зүүн тархины хөгжлийг зэрэг, жигд хангахад чиглэсэн сургал­тын шинэ хэлбэр, шинэ техно­логид оршдог.
 
"МОНГЕНИ” ШИНЭ ТЕХНОЛОГИ, ШИНЭЛЭГ ИТГЭЛ ҮНЭМШИЛ
 
Суралцагчдад юуг, яаж сургах вэ гэдэг сургах зүйн үндсэн асуу­дал юм. Хөлөг бүр адилгүйн нэгэн адил хүүхэд бүр адилгүй тул "бөөн хүн” - хэмээх нэг бүлэгт яг таарч нийцсэн судлах агуулга, сур­­гах арга гэж байж болохгүйн нэгэнт илт. "Анги” хүн эсвэл "Бү­лэг” хүн гэж байхгүй тул анги тан­хим болон хуарангийн зохион байгуулалттай сургалт бол үнэн­дээ, бодит хувь хүнд зориулаг­даа­гүй байдаг. Энэ нь, уг чана­раа­раа, боловсролын салбарын нэгэн худал, хуурмаг бөгөөд өдий хүртэл үнэн мэт амь бөхтэй оршсоор байгаа түүний бодит нэ­гэн "гажиг” билээ. Энэхүү гажгийг арилгахын үндсийн үндэс нь "хүүхэд бүр ялгаатай, бас төрмөл авьяастай” гэдгийг хүндэтгэн үзэж, хичээл, сургалтын техно­логи, багш, суралцагчийн харил­цааг өөрчлөх явдал юм. Ийм өөрч­лөлтийг өдий хүртэл хийх­гүй, хуарангийн ар­гаар сургал­таа явуулсаар, чана­рыг сайж­руу­лах тухай лоозогнон ярь­саар, харийн технологи, ха­рийн брэнд нэрэнд шүтэн би­шир­сээр, түүнийг өнгө­лөн хуул­­саар мунхаглан л суух энэ цаг зуур МОНГЕНИ, харин, мон­гол ахуй, монгол соёлоос ур­гасан агуулга сонгох "ташуу хэм”-ийн арга, технологи, хүү­хэд бүрийг зэрэг, жигд хөгжүү­лэх сургалтын шинэ хэлбэр, шинэ технологийг бү­тээж, гайхам амжилт олсон байх юм.
 
Судлах агуулгыг сонгох сур­­галтын ташуу хэмийн ши­нэ технологи, аргачлалын мөн чанарыг "Хүүхдийн танин мэ­дэ­хүйн чадавх тэлэхийн хэрээр судлах агуулгын хэм­жээг төрмөл авьяасынх чиг­лэлийн дагуу, босоо биш, ха­рин, ташуу хэмээр гүнзгий­рүүлнэ” гэсэн нэгэн зарч­маар, маш энгийнчлэн, тайлбар­лаж болно. "Хүүхэд бүр ялгаатай төдийгүй энэ хорвоод "хоолоо олж идэх” өөрийн онцгой авь­яас­тай төрдөг. Хүүхдийн энэхүү төрмөл, онцгой авь­яасыг аль болох эртнээс шин­жин таньж, авьяасынх нь чиглэлийн дагуу ташуу хэмт агуулгыг судлуулах замаар хүүхэд бүрийг амьдралд сайн бэлтгэж, зөв иргэн болгож болно. Иймд МОНГЕНИ "Өнөөд­рийн хүүхэд бүр ирээ­дүйн суут ухаантан” гэдэгт итгэдэг. 
 
Хүүхэд бүрийг зэрэг, жигд хөг­­жүүлэх сургалтын шинэ хэлбэр зэрэгцүүлсэн сургал­тын технологийн мөн чанар нь хүүхэд бүрийн ялгаатай байд­лыг харгал­зан хүндэтгэж, түү­ний төрмөл авьяасыг эртнээс таньж, онож чиглүүлэх, ул­маар авьяасын чиглэлийн дагуу ташуу хэмт агуулгаар төрөлжсөн болон зэрэгцсэн сур­галтыг зохион байгуулах за­маар хүүхдийн баруун бо­лон зүүн тархины хөгжлийг зэрэг, жигд хангахад оршдог. Хүү­­хэд бүрийг зэрэг, жигд хөг­жүүлэх зэрэгцсэн, төрөлжсөн сургалтанд гурван настай балч­раас эхлэн гучин настан хүртэл хамрагдаж болох тул МОНГЕНИ ийм сургалтыг зохион байгуулах монгени цэцэрлэг, монгени бага, дунд, ахлах сургууль, монгени мэр­гэж­лийн сургууль, монгени их сургуультай байх юм. МОН­ГЕНИ их сургуульд 3 настай балчир элсэж, МОНГЕНИ цэ­цэр­лэгт авьяасаа таньж ам­жаа­гүй яваа 30 настан сурч ч болох юм. Иймд МОНГЕНИ "Хүн хэзээ ч суралцаж болно, гагцхүү, харин, авьяасаа л эрт таних хэрэгтэй” гэдэгт итгэ­дэг. 
 
МОНГЕНИ ҮНЭЛГЭЭ, НӨХДИЙН ҮНЭЛЭМЖ
 
Шинжлэх ухаанч шинэ зар­чимд тулгуурласан шинэ­лэг ит­гэл, үнэмшлээр МОН­ГЕНИ 20 жи­лийн турш ажил­лаж олон мянган хүүхдийн авьяасыг эртнээс онош­лон таньж, түүнд ташуу хэмт агуул­гыг зэрэгцсэн, төрөлж­сөн сургалтаар өгөх замаар су­рагч бүрийг "ирээдүйн ажил, мэр­гэжил нь түүнд зов­лон бус, харин баяр цэнгэл нь байх” замд хөтөлсөн гавьяа­тай. МОНГЕНИ-ийн энэхүү гавьяа, амжилтыг өнөө­гийн бо­ловсролын байгуул­лагын үнэл­гээний түгээмэл нэгэн шалгуур бол­сон "уралдаанд тэм­цээнд тү­рүүлсэн мядальт хүүх­дийн тоо”, аль эсвэл, "төрийн одонт болон элдэв шагналтан баг­шийн тоо”-зэрэг үзүүлэлтээр хэмжин үзэж болох хэдий ч энэ нь түү­ний амжилтын уг чанарыг бүрэн илэр­хийлж үл чадна. Учир нь, МОНГЕНИ өөрийнхөө ажлын ча­нарыг сурагчийнхаа зөвхөн энэ цагийн амжилтаар бус, харин төгсөгчийнхөө бодит ажил, амьд­ралын чанар чан­саа­гаар шин­жин үнэлдэг. 
 
Эрдэм ном гэдэг дуусдаг бус, харин ундардаг баялаг юм. Энэ л жишгээр МОНГЕНИ бо­ловс­ролын гүн ухаанд нэмэр­лэсэн шинэлэг итгэл үнэмшил, бо­ловсрол судлалын ухаан, сур­гах зүйд оруулсан сургал­тын шинэ тенхологийг бүтээл­чээр хэрэглэх явцад хуримт­луулсан өөрийн туршлага, ололт, амжил­тыг дотоод, га­даа­дын мэргэжил нэгт нөхөд­тэйгээ харамгүй ху­ваал­цаж иржээ. Өнгөрсөн 20 жилд нийслэлийн төдийгүй ихэнх аймаг, сумдын багш на­рын төлөөлөл МОНГЕНИ-д зо­чилж түүний туршлагатай та­нил­цав. Мөн боловсрол, удирд­лагын чиглэлээр суралцаж буй гадаад, дотоодын олон арван магистрант, докторантууд МОН­ГЕНИ-ийг ихэд сонирхон су­далжээ. Цаашилбал, гадаад улсын их, дээд сургууль, су­дал­­гааны байгууллага, тухайл­бал, Нэгдсэн Үндэсний Байгуул­лагын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаа­ны байгууллага, Японы Ул­сын Төвийн их сургууль, Азийн их сургууль, Ханбатын их сур­гууль, Солонгос улсын ерөн­хий боловсролын хэд хэдэн ахлах сургууль МОНГЕНИ-ны шинж­лэх ухаанч чанар, шинэ техно­логи, шинэлэг итгэл үнэмшлийг шинжлэн судалж, хамтран ажил­лаж байна. Энэ бүхэн нь МОНГЕНИ гадаад, дотоодын мэргэжил нэгт нөхөддөө багагүй танигдаж, бас тоогдож, магад­гүй, өндөр үнэлэгдэж буй нэгэн баримт болгох буй заа. Мэргэж­лийн хүнд, нийгэм дэх ашиг со­нирх­лын ямар нэг бүлгүүдийн бус, харин, гагцхүү, мэргэжил нэг нөхдийн үнэлгээ (peer assessment) л хамгийн үнэн, бас хамгийн нандинд нь байдаг. МОНГЕНИ-д ийм нандин, эрхэм үнэлэмж бий.
 
Нүрзэдийн Лхагваа суд­лаа­­чийн их сэтгэлийн үр, их зүт­гэлийн дүн, олон жилийн оюу­ны их ажлынх нь шим, сувд нь болсон МОНГЕНИ агуулга сон­гох сургалтын ташуу хэмийн ар­га, сургалтын ши­нэ хэл­бэрүүд, сургалтын шинэ техно­ло­гиороо; бас "Өнөөдрийн хүү­хэд бүр ирээ­дүйн суут ухаан­тан”, "Хүн хэ­зээ ч суралцаж бол­но, гагцхүү, харин, авьяасаа л эрт таних хэрэгтэй” гэдэг гүн ухаа­наараа; Өөрийнхөө ажлын чанарыг сурагчийнхаа зөвхөн энэ цагийн амжилтаар бус, ха­рин төгсөгчийнхөө бодит ажил, амьдралын чанар чан­саа­гаар шинжин үнэлдэгээ­рээ; хамгийн гол нь, мэргэжил нэгт нөхдийн эр­хэм, нандин үнэлэмжийн хүндэт эзэн болсноороо; мөн мунхаглалын манан дундуур бадамлянхуа цэцэг лугаа адил шантаршгүй хувь хувиланг туулж, хөгжиж, дэвжиж чад­санаараа бусдаа­саа "дэлбээлсэн цэцэг” мэт тодоос тод ялгаран харагдана. Ийнхүү МОНГЕНИ монгол сургуулийн өнгө төрх-үндэс­ний брэнд болж оршсоор, дэвжсээр.   
                           
Хөх-Булаг Овогт Цогдовын Лувсандорж, Туслах овогт Цэдэн-ишийн Мөнхжаргал

Нийтэлсэн АДМИН, 18-04-2013, 09:53

МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn