Арга зүйдээ шинэчлэл хийж байна

Манай оронд боловсролын шинэчлэл явагдаж, бо­ловсро­лын шинэ стандарт хэрэг­жиж эхэлсэнтэй холбогдон бага боловсролыг 6-7 наснаас эхлэн олгох болсон нь бага ангийн багш нараас ялангуяа нэгэн тогтсон арга зүйгээр олон жил багшилсан ахмад багш нараас өөрчлөлт шинэчлэл, өндөр хариуцлагыг шаардаж байгаа нь өнгөрсөн хичээлийн жилд хүлээн авсан 1-р ангийн суралцагчид­тайгаа ажиллах явцад мэдрэгдлээ. Бага ангийн багш мэргэжлийг эзэм­шиж төгссөн багш нар ихэвчлэн 8-12 насны хүүхдүүдийн нас, сэтгэ­цийн онцлогт тохирсон арга зүйд су­ралцаж төгссөн, ахмад багш нар ч энэ талаар багагүй туршлага хуримт­луу­лан багшийн үйл ажилла­гаа давамгайлсан уламжлалт сургалтыг зохион байгуулж ирсэн. Сур­галтын систем шинэчлэгдэн 5-7 насны хүүхдүүд сургуульд эл­сэн суралцах болсноор тэдний насны онцлогт тохирсон, хүүхдийн хөгж­лийг дэмжих, шавь төвтэй, тоглоомын хэлбэрийг голлосон сур­галт явуулах шаардлагатай бол­сон байна. Ийм сургалтыг зо­хион байгуулж, 1-р ангийн сурал­цагчдыг уншуулж, бичүүлж сур­гахад багш, эх эцэг бидний анхаа­рах хэд хэдэн зүйл ажиглагдаж байна .

- Сургуульд шинээр элсэн орох суралцагчдыг хавар бүртгэн "Бэлтгэл анги”-д хамруулж, сурах арга барилын анхны дадлыг олгодог байснаа больж 1-р ангид элсэн орсны дараа үсэг үзэхийн өмнө энэхүү дадлыг олгох болсон учир энэ үед сурагчдад авиа үсэг үзэж тогтоох алхмыг зөв тогтоож өгөх

- Мөн багшийн оновчтой төлөвлөсөн арга зүй, сур­галтын баялаг орчин юунаас ч чухал байна. Бэлтгэл цагийн сургалтыг хөнгөн маягаар үзэж, суралцагчдад олгох үг ярианы хөгжил, тогтоох чадвар, анхаа­рал төвлөрөлт, сонсох чадварыг хөгжүүлэх чухал мөчийг зарим тохиолдолд бүрэн олгохгүй өнгөрч байх шиг санагдана. Хэрэв энэ үед суралцагчдыг жинтэй сайн бэлтгэж авбал цашид цагаан толгойн үед амжилттай сайн уншиж сургахад багш, суралцагч, эцэг эхчүүдийн хэнд нь ч төвөг учрахгүй байх боломж байна.

Үүний тулд багш юуг анхаа­рах вэ?

  • Бага насны хүүхдийн онцлог шинж нь тогтоох чадвар, ажиглах чад­­вар сайн боловч түргэн март­даг. Иймд Монгол хэлний хи­­чээ­лийн эхний бэлтгэлийн үед онь­­­со­­го, зүйр үг, шүлэг, үлгэр тог­тоол­­гох, олон зүйлийг ажиглуулах, санал бодлыг нь сонсож, чөлөө­тэй яриулж сургах нь чухал бо­лох нь ажиглагдлаа.
  • Үсэг үзэхийн өмнөх бэлтгэл цагийн тоо нэмэгдсэнтэй холбогдон багш олон төрлийн сэдэвт зургуу­дыг харж яриулах ба түүнээс үг, өгүүлбэрийн ялгааг таниулан, мэ­дүү­лэх нь чухал юм.
  • Үсэг үзэж, уншиж эхлэхээс өм­нө хүүхдэд авиаг маш сайн сонс­гож, сонсголын чадварыг хөгжүүл­сэн байх хэрэгтэй.
  • Иймд бэлтгэл үеийн хичээ­лийн явцад үсгийг нэрээр нь хэлж, дармал дүрсээр нь тогтоо­вол уншиж эхлэх үед хялбар дөхөм­тэй байлаа .
  • Үсгүүдийг нүдэлж тогтоох нь удаан хүүхдүүд анги тус бүрд цөөнгүй байдаг. Миний ху­вьд ийм тохиолдолд тухайн үс­­гийг үгийн эхнээс урт эгшигтэй холбосон дуудлагаар тогтоолгох нь амархан байх шиг санагдсан.

Жишээ нь: У үсгийг тогтоол­го­ход уулны зургийг ашиглан уул гэ­дэг үгийг хэлүүлээд У үсэг гэж нүд­лүүлж тогтоолгоно .
Х үсгийг таних маш амархан. Аяга, авдарны зурагнаас хээгий нь ажиглуулаад аяганы хээ гэхэд ор­дог хэ үсэг гэж тогтоолгоно. Сур­­­галт нь аль болохоор амьдрал­тай ойр байх тутам тэдний хүлээн авах чадвар илүү байх нь ажиг­лагдсан. Уншуулж эхлэх үед хүүх­дүүд дармал үсгээ нүдэлж нэрийг нь хэлж сурсан байх учир авиа таниулах үед зөвхөн үсэгний авиа дуудлага ямар болохыг сон­соод, хэлж сураад эгшиг үсгүүд­тэй ний­лүүлж үе, үг бүтээж ун­­ших болно.

  • Хүүхдэд зөвхөн үсэг нүдлүүлж, холбон уншуулахыг урьдал бол­гохоос өмнө тэдний сонирхлыг тө­рүү­лэхүйц, тоглоомын хэлбэрийг өргөн ашиглан уншиж, бичиж сурах хүслийг төрүүлэх,
  • Төрөл бүрийн бүтээлч дасгал, тоглоомыг сургалтандаа өргөнөөр ашиглах шардлагатай болсон байна.
  • Бага насны хүүхдийг уншуулж, бичүүлж сургахад аль болох амар хялбар аргаар богино хугацаанд уншиж сурах арга барилд сургах нь чухал юм.
  • Бага ангийн багшаар 30 гаруй жил ажилласан хөдөлмөр туршил­гын үр дүнгээс саналаа хуваал­цъя.
  • Уншуулж сургахад анхаарах зүйл нь бидний ярианы хэллэг нь уншиж байгаа аргатай зохиц­сон байх нь нэг онцлог.
  • Мөн уншиж сурч эхлэх үед ун­шиж байгаа үе, үг нь бүгд утгатай байна.

Уншиж буй үе нь хэлний зүйн зад­лан ялгалд ордог дагавар, нөх­цөл байвал үг бүтээж уншихад амар­хан байх ба ярианы хэллэг­тэй адил байхын зэрэгцээ монгол хэлний үг зүйн задлан ялгал хийх, цээж бичигт сургахад маш дө­хөм байдаг.

Багш бид өөрийн дадаж хэвш­сэн, дархан арга зүйнхээ зэрэгцээ орчин үед шаардагдаж буй эрэлт хэрэгцээг анхааран, суралцагчдын­хаа эрх ашиг, эрэлт хэрэгцээг хан­гахуйц сургалтыг зохион байгуулах шаардлагатай болсон нь өнгөрсөн хичэлийн жилийн үйл ажиллагаа­наас харагдлаа.

Ч.Бямбаа (Нийслэлийн Баянгол дүүргийн "Сэтгэмж” цогцолбор сургуулийн багш)

Нийтэлсэн АДМИН, 18-04-2013, 09:56

МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn