Үр дүнд түргэн хүргэх санаачилгын түншлэл FTI

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк хамтран хэрэгжүүлж байгаа Бүх нийтийн боловсролын "Үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл FTI" буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш нарт мэдээллийн технологийн анхан шатны боловсрол олгох, математикийн заах арга, ур чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах ажлыг гэрээгээр гүйцэтгэлээ.
Сургалтыг гурван үе шаттайгаар хэрэгжүүлсэн ба Улаанбаатар хотод болсон 5 өдрийн сургалтаар аймаг, дүүргийн 108 сургагч багш, 21 аймаг, 6 дүүрэгт зохиогдсон сургалтаар 571 сургуулийн ментор багууд бэлтгэгдлээ. Ментор багууд өөрийн сургуулийн нийт бага ангийн багш нарыг сургалтад хамруулж цаашдын мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг сургуулийн удирдлагатай хамтран зохион байгуулсан. Ийнхүү тус төслийн мэдлэг, мэдээлэл аймгийн сургагч багш, БСГ, сургуулийн ментор багаар дамжин түгсэн юм. Бүх сургалтууд компьютерийн лабораторид болж оролцогч бүр компьютер ашиглах нөхцлийг хангаснаар сургалтын техник хэрэгслүүдийг багш нар үр дүнтэй ашиглалаа.

Математикийн ба мэдээллийн технологийн гэсэн хоёр чиглэлээр тус бүр нь 6-7 хүний бүрэлдэхүүнтэй агуулга, арга зүйн баг бүрдэж ажилласан юм.
Математикийн багт: Б.Балдулам (МУБИС-ийн Багшийн сургуулийн Математик, мэдээлэл зүйн тэнхмийн эрхлэгч), Б.Авирмэд (Ирээдүй цогцолборын 3 дугаар бага сургуулийн математикийн багш), Ж.Чогмаа (Ирээдүй цогцолборын ахлах II сургуулийн математикийн багш), Эрдэнэчимэг (АББ-ын төвийн ажилтан), Ж.Ганцэцэг (Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан), С.Жагдал (71-р сургуулийн сургалтын менежер), Л.Уртнасан (38-р сургуулийн математикийн багш)

Мэдээлэл зүйн багт:Ю.Алтантуяа (Нийслэлийн БГ-ын Статистик, мэдээлэл зүйн арга зүйч), Б.Золзаяа (МУБИС, КМТС-ийн Програмчлалын багш) Л.Мөнхтуяа (МУБИС, КМТС-ийн Програмчлалын багш), Б.Цогбадрах (Нийслэлийн БГ-ын математик, физикийн арга зүйч), Э.Оюунбилэг (73 дугаар сургуулийн багш), Т.Жаабаатар (12-р сургуулийн багш) нар тус тус ажиллалаа. Бид өндөр мэдлэг, арга зүйн туршлагатай дээрх багуудтай хамтран Багш нарын Мэдээллийн технологийн боловсролд гарын авлага болон Бага боловсролын багш нарт зориулсан математикийн зөвлөмжийг боловсруулж БСШУЯ-нд хүлээлгэн өгсөн бөгөөд тус бүрийг нь 2000 хувь хэвлэж түгээв.

Төслийн хэрэгжилтийн байдалд хяналт үнэлгээ хийгдлээ
Сургуулийн төвшинд олон эерэг өөрчлөлтүүд гарч байна. Жишээлбэл: Цахим ба мультимедиа хичээлүүд, цахим хичээлийн уралдаан, бага ангийн багш нарын дунд IT олимпиад явуулах, тайлан хамгаалах, эцэг эхийн хурал, сурган хүмүүжүүлэх илтгэл зэрэгт багш нар компьютер, проектор ашигладаг болсон, бага ангийн багш нар нь Мэдээлэл зүйн багш нараасаа туслалцаа авдаг болсон, сургуулийн компьютерийн кабинетийг бага ангийн багш нар ашигладаг болсон, тэд гэртээ компьютер, хэвлэгч худалдан авах нь нэмэгдсэн, сургуулийн удирдлагын зүгээс бага ангийн багш нарт диск авч өгөх зэргээр дэмждэг болсон, хуваарийн дагуу бага ангийн багш нар хичээлийн дараа сургууль дээрээ сууж компьютер дээр ажилладаг болсон, баримт бичгүүдээ компьютерт боловсруулсан байх шаардлага тавьдаг болсон зэрэг өөрчлөлтүүд гарсан байна.


Төсөлд хамрагдсан хүмүүсийн сэтгэгдэл:

"... Хавар сургууль дээрх сургалтаа 7 хоногт 3 удаа 1 сарын хугацаатай зохион байгуулсан. Ингэснээр багш нар нэг зүйлээ чанартай эзэмших боломжтой байсан. Иймд манай сургуулийн бага ангийн багш нар бүгдээрээ компьютер ашиглан сургалтаа зохион байгуулж заншиж байна. Үүнийг ашиглаж чаддаггүй багш нар гэж байхгүй болсон. ..”
Говь- Алтай аймгийн бага ангийн багш Б.Гандулам

"... Манай аймгийн хэмжээнд сургууль дээрх сургалтуудаа хавар 4-5 сардаа багтаагаад зохион байгуулсан. Одоо аймгийн хэмжээнд бага ангийн багш нарын дунд цахим хичээлийн уралдаан зохион байгуулахаар удирдамж хөтөлбөрөө гарган явуулсан. Түрүүлсэн багшийг принтерээр шагнах ба энэхүү уралдааныг Дарви сумын бага ангийн багш Р. Дэлгэрмаа ивээн тэтгэнэ. .”
Говь- Алтай аймгийн БСГ-ын арга зүйч Цэрэнжав

"... Би сургалтаар сурсан бүх зүйлээ багш нартаа зааж өглөө. Багш нар маань өдөр алгасахгүй асууж шалгааж байдаг тул одоо бараг заах зүйлгүй болоод байна. Одоо яах вэ? ..”
Нийслэлийн Баянгол дүүргийн ментор багш Ганбаатар

"... Би хавар төслийн сургалтыг Ховд, Увс аймгуудад очиж зохион байгуулсан. Сая 11-р сард Ховд, Говь-Алтай аймгуудад төслийн Мониторинг үнэлгээгээр ажиллалаа. Энэхүү хоёр үеийг харьцуулахад багш нарын техник хэрэгсэлтэй ажиллах мэдлэг чадварт чанарын өөрчлөлт гарсан нь харагдаж байна. Хавар сургалтанд сууж байсан багш Б: " .. яанаа хулгана явах газаргүй боллоо, ширээний өнцөг дээр ирчлээ...” гэж байсан багш одоо өөрөө бүх зүйлээ компьютерт ямар ч байсан хийдэг болсон гэж ярьж байлаа.”
БХАН-ийн төслийн ажилтан О.Оюунтунгалаг

   
   


 





Нийтэлсэн АДМИН, 23-04-2013, 08:25

МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn