Ном, гарын авлага

Номын нэр

Номын товч танилцуулга

1

"Нялх, нярай хүүхдэд сургалт явуулах нь”
(Багш, эцэг эхэд зориулсан гарын авлага)
УБ., 2001

Эцэг эх, багш нарт зориулсан энэхүү ном нь нялх, хөлд орж байгаа хүүхдийн өсөлт бойжилт, сурах онцлогийн талаарх сүүлийн үед гарсан мэдээлэлд тулгуурлан хүүхдийг хөгжүүлэх аргуудын тухай өгүүлнэ. Хүүхдийн нялх, хөлд орох үед, хамгийн гол хүн нь эцэг эх, багш, хүмүүжүүлэгчид бөгөөд тэдэнд  хүүхдийн танин мэдэхүйн хөгжилд онцгой чухал үүрэг бүхий тоглоом, тоглох орчныг бүрдүүлэхэд тусална. Мөн нялх, хөлд орж байгаа хүүхдийн сургалтанд хэрэглэж болох үйл ажиллагаануудын талаарх ойлголттой болно.

2

Бага насны хүүхдийг хөгжүүлэх нь (0-2нас
(Багш, хүүхэд, гэр бүлд зориулсан гарын авлага)
УБ., 2006

Энэхүү ном нь хүний хөгжлийн хамгийн чухал үе болох төрснөөс хоёр хүртэлх насны хүүхдийн хөгжлийн  онцлогийг сар сараар ялган тайлбарлаж түүнд тохирох үйл ажиллгаааны жишээ хөтөлбөрүүдийг боловсруулан оруулсан.  Мөн түүнчлэн энэ насны хүүхдийн суралцах орчинг бүрдүүлэхэд анхаарах зүйлс, аюулгүй ажиллагааны дүрэм заавартай танилцахаас гадна эцэг эхийн оролцооны хэлбэрүүд болон загвар сургалтын сэдэв, аргачлал, хөтөлбөрүүдээс суралцах болно. 

3

Бага насны хүүхдийг хөгжүүлэх нь (3-6нас): 
Багш, хүүхэд, гэр бүлд зориулсан гарын авлага
УБ., 2006

Хөгжүүлэх сургалтын орчин, арга зүй нь бага насны хүүхдийг өөрийн хэмнэлээр хөгжих боломжийг олгоход чиглэгддэг учраас энэхүү номноос хүүхэд төвтэй ангийн сургалтын орчны загвар, хэрэглэгдэхүүний жагсаалт болон энгийн хялбар хэрэглэгдэхүүнээр хүүхдийн сонирхол хэрэгцээнд нийцсэн сургалтыг зохион байгуулах аргачлалтай танилцах болно.  

4

Бага насны хүүхдийг хөгжүүлэх нь (6-7 нас): 
Багш, хүүхэд, гэр бүлд зориулсан гарын авлага
УБ., 2006

Бага насны хүүхэд иргэний нийгмийн үнэт зүйлсийг төлөвшүүлэх, тэдний хөгжлийн онцлог, суралцах арга барил, чадвар зэргийг онолыг үндэслэлтэй судлан хэрэгжүүлэх арга зүй болон хичээл, үйл ажиллагааг сургалтын төвүүдээр зохион байгуулах үлгэрчилсэн загваруудтай багш нар энэхүү номноос танилцах болно.

5

Бага насны хүүхдийг хөгжүүлэх нь (8-10 нас)
(Багш, хүүхэд, гэр бүлд зориулсан гарын авлага)
УБ., 2000

ЕБС-ийн бага ангид хүүхэд төвтэй хичээл, үйл ажиллагааг удирдан зохион байгуулах аргачлал болон загвар хичээлүүд, сургалтын орчинг бүрдүүлэн ажиллахад хүүхэд, багш, эцэг эхийн үүрэг, оролцоо, сургууль, багшийн цаашдын харилцааг хөгжүүлэх олон янзын арга ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарласан болно.

6

Тооны ухаан ба туршилт танин мэдэхүй 
(Багш, хүүхэд, эцэг эхэд зориулсан гарын авлага)
УБ., 2001

Бага насны хүүхдийн сургалтын сайн хэрэглэгдэхүүн нь  эрдэм сурахад их нөлөөлсөн,  чөлөөтэй туршиж, ашиглахад хүрэлцэхүйц байх ёстой. Багшийн гол анхаарах зүйл бол хүүхдийн хэрэгцээг хангаж, сонирхолыг татсан цаашид өсөж хөгжихөд нь туслалцааг үзүүлэх явдал юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд олдоц элбэг гарын доорх материалыг ашиглан тоо бодох, зөв сэтгэх ухаанд сургах, бие даан сонголт хийх чадвар эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэхэд энэхүү гарын авлага тусална.

7

Хамтдаа сурцгаая 
(5-6 настай хүүхэд, эцэг эхчүүдэд, зориулсан гарын авлага)
УБ., 2005

"Хамтдаа сурцгаая” эцэг эх, хүүхдийн гарын авлага нь хоёр хэсэгтэй. Үүнд, эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага нь хүүхдийг гэрийн сургалтаар хөгжүүлэх арга зүйн дэмжлэг үзүүлэх болно. Харин хүүхдийн дасгал ажлын зурагт ном нь бусдыг сонсох, ярих, ажиглах, тоо бодох, үсэг нүдлэх, шүлэг уран тод унших, зураг будах, ном бүтээх чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн. Дасгалуудыг хүүхэд ганцаараа биш эцэг эхийн оролцоотой хийж гүйцэтгэнэ. Ингэснээрээ хүүхдүүд эцэг эхээ хүндэтгэн бахархан дууриах ба  ээж аавууд ч хүүхэдтэйгээ ажиллах арга зүйд суралцах болно.

8

Би том болж байна 
(Багш, эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага)
УБ., 2004

"Би том болж байна” эцэг эхэд зриулсан гарын авлага нь бага насны хүүхдийг гэрийн сургалтаар хөгжүүлэхэд тань дэмжлэг үзүүлэх зорилготой. Энэ гарын авлагыг ашигласнаар таны хүү, охин багагүй чадварыг олж авах төдийгүй хэл ярианы хувьд бусадтай харилцах нь сайжирна. Тэд хооллох хувцаслах чадвартай болж ойр зуурын ажилд туслах эрмэлзлэлтэй болох ба юмсыг дүрслэн зурах, барих, ариун цэвэр эрүүл ахуйн энгийн дадал, чадварыг эзэмшинэ.

9

Хүүхдийг ажиглаж тэмдэглэл хөтлөнгөө судлах нь
(Багш нарт зориулсан гарын авлага)

УБ., 2004

Хүүхэд төвтэй сургалтын нэг онцлог нь эцэг эх, гэр бүлийн оролцоо, ганцаарчилсан сургалтын арга болон чөлөөт сонголт хийх бололцоог хүүхдэд олгоход чиглэгддэг. Энэ зорилгыг хангахын тулд багш анги танхим, сургалтын орчныг оновчтой төлөвлөх, хүүхдийн сурах үйл ажиллагааг тасралтгүй дэмжиж, тэдний хэрэгцээ шаардлагыг ойлгож, хувийн онцлог, чадвар мэдрэмжийн талаар цогц ойлголттой байх нь чухал. Мөн багш нь хүүхдийг тоглож, шинэ мэдлэг эзэмшиж, хамтран ажиллах үед нь ч ажиглаж тэдний сонирхол, авьяас билэг, ур чадвар болон эрхэмлэдэг зүйлийнх нь талаар ойлгох, ба анхааралтай ажиглаж үйл хөдлөлийн талаар тэмдэглэл хөтөлж, эргэцүүлэн тунгааж сургалтын хөтөлбөр боловсруулахад нь тусална.

10

Бага насны хүүхдийн хөгжил
(Эцэг эхэд зориулсан 10ш цуврал гарын авлага) 
УБ., 2007

БХАН-ийн "Алхам алхмаар” хөтөлбөрөөс балчир бага  насны хүүхдийг хэрхэн асран халамжлах, хөгжүүлэх, хүмүүжүүлэх зорилго бүхий эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ажиллах арга зүйн зөвлөмж гарын авлага цуврал номнуудыг хэвлэн гаргалаа. Тус гарын авлага нь дараах 10 цуврал номноос бүрдэнэ. Үүнд:

  1. Хүүхдийн зан төлөв буюу темперамент
  2. Хэл ярианы гайхамшиг
  3. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах
  4. Номтой танилцах
  5. Чиглүүлэгч ба хязгаарлалт
  6. "Нийгэмшихүй ба сэтгэл хөдлөл”
  7. "Өхөөрдөм бяцхан нялх хүүхэд”
  8. "Багаас нь зөв хооллох”
  9. "Тоглонгоо суралцах нь” /1-5 нас/
  10. "Тоглонгоо суралцах нь” /0-12сар/

11

Хүүхдийн бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлэх нь (3-6 нас)
(Багш нарт зориулсан гарын авлага) 
УБ., 2000, 2006

Бага насны хүүхдийг хөгжүүлэх сургалтын явуулахдаа тэдний эрэлт хэрэгцээ, сонирхолд нийцсэн уян хатан төлөвлөлттэй, багшийн идэвхтэй байнгын үйл ажиллагаа болон эцэг эхийн оролцоог нэгдмэл байдлаар зохион байгуулсан нөхцөлд л сая хүүхдийн хөгжилд нийцсэн сургалт болно гэдгийг онцлон тэмдэглэсэн болно.  Энэхүү ном нь сургуулийн өмнөх боловсролын агуулга, арга зүйг боловсронгуй болгоход багш, эцэг эх, оюутнуудад туслалцаа үзүүлэх болно. 

12

Олон Улсын Алхам Алхмаар Холбооны Багшийн Стандарт 
(Багш нарт зориулсан гарын авлага)
УБ., 2005

ОУААХ-ны Багшийн Стандарт нь өндөр чанартай, үлгэр жишээ сургалтыг хүүхэд, тэдний гэр бүлд түгээн дэлгэрүүлэх зорилгоор ажиллаж байгаа цэцэрлэг, сургуулийн бага ангийн багш нарын үйл ажиллагаагааг чанаржуулахад туслах зорилгоор боловсруулагдсан. Энэхүү стандарт нь "Алхам алхмаар” хөтөлбөрийн багшийн  бодлого чиглэл, мэдлэг чадвар, итгэл үнэмшлийн илрэл юм. Уг гарын авлагатай багш нар танилцсанаар багшийн стандартын долоон чиглэлийн хүрээнд та өдөр тутмын үйл ажиллагаагаа үр дүнтэй зохион байгуулж сурна.

13

"Олон Улсын Алхам Алхмаар Холбооны багшийн стандартыг ангид хэрэгжүүлэх нь” 
(Багшийн гарын авлага)
УБ., 2006

Энэхүү гарын авлага нь бага ангийн болон цэцэрлэгийн насны хүүхэдтэй ажилладаг багшид зориулсан хичээлийн хөтөлбөрийн жишээн дээр үндэслэгдэн Олон Улсын Алхам Алхмаар Холбооны Багшийн Стандартанд тулгуурлагдан боловсруулагдсан. Багшийн гарын авлагаас төрөл бүрийн заах аргыг нэгтгэж, стандартыг өдөр тутмын үйл ажиллагаандаа үр дүнтэй хэрэгжүүлэхэд суралцана. "Алхам алхмаар” хөтөлбөр нь багшид өндөр шаардлага тавьдаг ба хичээл заах, хүүхэдтэй харилцах алхам, стратегуудыг шийдвэрлэдэг. Багшийн гарын авлага нь хүүхдийн эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, итгэл үнэмшлийг төлөвшүүлэхэд туслах арга зүйгээс суралцуулах  болно.

14

"Чанарыг сайжруулах менторчлол” 
(Ментор багшийн гарын авлага)  
УБ., 2006

"Алхам алхмаар” хөтөлбөрийн Чанарыг сайжруулах менторын гарын авлагыг янз бүрийн мэдлэг, ур чадварын төвшинтэй багш нарыг ажиглаж, үйл ажиллагаанд нь үнэлгээ хийх, зөвлөх, харилцан санал солилцох, урт хугацааны төлөвлөгөө боловсруулахад туслах зорилгоор ашиглана. Мөн үйл ажиллагаандаа ОУААХ-ны Багшийн стандартыг хэрэгжүүлэн ажилладаг багш нарын хүүхдийн хөгжлийн төвшин, хэрэгцээ, сонирхол, сурах арга барилд нийцсэн хүүхэд төвт сургалтыг зохион байгуулах шалгуур юм. Энэхүү шалгуурын үнэн бодитой хэрэгжүүлэхэд энэхүү менторын гарын авлага тусална.

15

Тусгай хэрэгцээт хүүхдийг хөгжүүлэх нь (2-7 нас)  
(Багш, эцэг эхэд зориулсан гарын авлага)
УБ., 1999

Сургалтын явцад хүүхэд нэг бүрийг таньж мэдэх, хөгжлийн онцлогт тохирсон арга барил, сургалтын хэрэглэгдэхүүн, сургалтын орчинг зөв сонгож ажиллах болно. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэхэд багш, эцэг эх, гэр бүлийн гишүүд, олон нийтийн байгууллагын хамтын үйл ажиллагаа нэн чухал ач холбогдолтойг ойлгох болно.

16

"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд тэгш хамран сургах сургалтын асуудал” 
(Сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтнүүд болон суралцагчдад зориулсан сургалтын цуврал гарын авлага)
УБ., 2004

Энэхүү гарын авлага нь сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтнүүд болон суралцагч нарт зориулсан хоёр хэсэгтэй. Сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтнүүдэд зориулсан гарын авлагаар хөгжлийн  бэрхшээлтэй хүүхдийг  боловсролд тэгш хамруулж,  хамт олны дунд нийгэмшүүлэн, хөгжүүлэх улмаар хүүхдэд өөртөө итгэх итгэлийг төрүүлэх, бие даан хөгжих боломжийг хангах болон тэднийг сурч хөгжих таатай орчинг бүрдүүлж багш эцэг эхийн хамтын ажиллагаа түншлэлийг өргөжүүлэх арга зам, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хувийн болон хөгжлийн онцлогийг дэмжсэн үйлчилгээг үзүүлэх аргачлалуудыг дэлгэрэнгүй танилцуулдаг бол суралцагчдын гарын авлагаар түүнтэй холбоотой дасгал ажлууд, жишээ баримтуудыг түлхүү оруулсан байдаг.

17

"Бага насны хүүхдийг хөгжүүлэх сургалтын хөтөлбөр”
(Багшийн гарын авлага)
УБ., 2001

Энэхүү гарын авлага нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын үйл ажиллагааны гол баримт бичгүүдийн нэг болох сургалтын хөтөлбөрийн нэг хувилбар болгон хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Энэхүү гарын авлагад цэцэрлэгийн хүүхдийн сургалтын агуулгатай нийцсэн сэдвийн задаргаа, агуулгын задаргаа болон багшийн мэдлэгийн санд хэрэглэгдэх бүтээлүүдийг нэгтгэн оруулснаараа онцлогтой бөгөөд хүүхдийн нас, насны онцлогоор ялгаж оруулсан нь багш нарын ажлыг хөнгөвчилсөн, хэрэглэхэд хялбар дөхөм болсон юм.

18

Сургалт тоглоом 0-1 нас
(эцэг эхэд зориулсан гарын авлага)
УБ., 2009

Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн боловсол эзэмших, сурах хөгжих бүх талын хэрэгцээгээ хангуулах эрхийн хүрээнд эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч нарт анхаарал халамжтай байж, хамтран тоглох явцдаа гайхалтай үр дүнд хүрд хүрч болох аргуудаас танилцах болно. Энэхүү ном нь нялх, нярай хүүхдийг сар сараар нь ангилж тохирох тоглоомууудыг багтаасан болно.

19

Сургалт тоглоом 1-2 нас
(эцэг эхэд зориулсан гарын авлага)
УБ., 2009

Энэхүү ном нь "Сургалт тоглоом” дараагийн цуврал бөгөөд 1-2 хүртэлх насны хүүхдэд тохирох тоглоомыг мөн сар сараар нь ангилан оруулсан ба насанд хүрэгчид хүүхэдтэйгээ хэзээ, хаана тоглох, тоглоомоо хэрхэн эхлэх, тогломыг хүүхдийн илэрч байгаа зан үйлтэй хэрхэн холбох болон тоглоомын дүрэм зааврыг нарийн чанд мөрдөх хэрэгтэй юу эсвэл өөрчлөх үү гэдгийг шийдвэрлэснээрээ онцлог юм.

20

Х.Батхүү
"Ниссэн хүүхэлдэй” 
(Хүүхдийн зурагт ном) 
УБ., 2005

Энэхүү зохиолын гол агуулга нь найз охид хамтран тоглоно. Охинд найзынх нь алтан шаргал үстэй хөөрхөн хүүхэлдэй маш их таалагддаг учир түүгээр тоглох их дуртай. Нэг удаа санамсаргүйгээр хүүхэлдэйг гэртээ авчиран, түүнийг буцааж өгөлгүй нуудаг. Найз нь хүүхэлдэйгээ нисээд явчихлаа хэмээн бодно. Охин хүүхэлдэйнээс илүү сайн найз хэрэгтэй байсныг ухаарч гэмшдэг. Түүнийг гэмээ ойлгоход эмээ нь тусалдаг. Дээрх зохиолыг уншсанаар бага насны хүүхэд найз гэдэг эрхэм зүйл байдгийг мэдрэх болно.

21

Б.Нарантуяа
"Өндөр эгч” 
(Хүүхдийн зурагт ном) 
УБ., 2005

Зохиолын гол агуулга нь бяцхан хүү эгчийгээ өндөр хэмээн нэрлэнэ. Хүүгийн хайртай эгч хөдөө явснаар бяцхан хүүгийн амьдралд ихээхэн өөрчлөлт гарна. Тэрээр хөдөө эгч дээрээ айлчлан очсоноор түүний ажил амьдралтай танилцаж, эгчийнхээ завгүй ажилд тусалснаар ажлын сайхныг мэдэрнэ. Энэхүү зохиолоор хүүхдийг ажил хөдөлмөрт туслахын ач холбогдлыг мэдрүүлнэ. 

22

Ж.Дашдондог
"Янзын жаал” 
(Хүүхдийн зурагт ном) 
УБ., 2005

Энэ зохиолын гол агуулга нь хүүхэд бүр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Тэдний үйл хөдлөл, зан араншин, аливаад хандах хандлага зэрэг нь бие биенээсээ ялгаран онцлогийг улам илүү тодруулж байдаг бөгөөд эцэг эх болон багш нар түүнийг алхам тутамдаа ойлгож мэдрэхийн чухлыг энэхүү зохиол харуулсан болно.  Зохиолч зохиолын санаааг хүүхдийн ярьсан хэлсэн үгнээс сэдэвлэн бичсэн ба бага насны хүүхдийн сэтгэлгээний өвөрмөц байдлыг хөгжилтэйгээр харуулсан байдаг. 

23

Х.Батхүү
"Эрх цоохор” 
(Хүүхдийн зурагт ном) 
УБ., 2007

Хүүхдийн танин мэдэхүйг хөгжүүлж аливаа зүйлийг бие даан шийдэхэд нь туслах зорилготой. Зохиолын гол агуулга нь зургаан настай бяцхан хүү малчин эцэг эхийнхээ үлгэр дуурайллаар өсөж, тэдний ажилд тусалж, өдөр бүр шахам ишиг хургаа хариулна. Алтангэрэл хүүд өвөө нь цоохор ишиг зүсэлж өгнө. Хүү ишгэндээ маш их хайртай цаг бүр түүнийгээ эрхлүүлнэ. Гэтэл нэг удаа төл малын эрлэг болсон махчин бүргэд жижигхэн хар ишгийг нь шүүрэхэд, бяцхан хүүгээс гарамгүй эрэлхэг зориг гарган ишгээ булааж авдаг. Энэ өдрөөс хойш хүүгийн хамгийн хайртай ишиг нь жижигхэн хар ишиг болно. Энэхүү зохиол нь эрэлхэг зоригтой, өрөвч зөөлөн сэтгэлтэй болон төлөвшихөд тусална.

24

Миранда Хашиа
"Андигийн интоорын мод” (Хүүхдийн зурагт ном)

УБ., 2007

Андигийнх шинэ орон сууцанд орохдоо түүний дуртай интоорын цэцэрлэгээс бусад зүйлээ явч явна. Харин Анди хүү сагс дүүрэн жимснээс өөр юу ч авч явж чадсангүй. Гэвч ээжийнхээ зөвлөснөөр шинэ байшингийнхаа дэргэд дахин интоорын цэцэрлэг бий болгохоор бяцхан үрнүүдээ суулгажээ. Хүү зүүдэндээ дүүрэн интоорын жимстэй мод ургасан цэцэрлэгтээ боллоо гэж зүүдэлнэ. Уг зохиол нь хүүхдэд аливаад бүтээлчээр хандах эрмэлзлэлийг төрүүлэхээс гадна хэдхэн ширхэг үртэй байхад л бүхэл бүтэн цэцэрлэг байгуулж болно гэсэн санааг төрүүлж байна.

25

Валери Воскобойноков
"Ажилдаа явъя” 
(Хүүхдийн зурагт ном) 
УБ., 2007

Бяцхан хүү аав ээжийнхээ хийдэг ажлыг мэдэж авснаар өөрөө ядартлаа хийдэг ажилтай болж тэр нь түүнийг өдрийг зугаатай өнгөрүүлэх нэгэн шинэ тоглоом болж  хувирчээ. Хүү дарга болж бүхэл өдрийн турш өрөөндөө ажиллахад, эмээ нь нарийн бичиг болсноор янз бүрийн ажлыг амжуулан хийж байгаагаар үйл явдал өрнөнө. Зохиол нь хүүхдэд ажил хөдөлмөр бол зөвхөн зугаа цэнгээ болдог зүйл биш юм байна гэдгийг ойлгоход тусална.

26

Ауде Брунел
"Мөсөн унжлага” 
(Хүүхдийн зурагт ном) 
УБ., 2007

Алекс хүү ээжийнхээ төрсөн өдрөөр нь баяр хүргэхээр элдэв зүйл сэдсэн боловч тэр нь бүтэлтэй юм болохгүй л байв. Харин усны хоолойноос унжиж байгаа мөсөн унжлагыг салган авч ээждээ бэлэглэсэн нь урд өмнө нь байгаагүй гоё бэлэг болжээ. Энэ бол Алекс хүүгийн сэтгэл шигэсэн эрхэм нандин бэлэг байлаа. Энэ зохиолоос хүүхэд сэтгэл шингэсэн хамгийн ердийн зүйл ч гэсэн гайхамшигтай сайхан бэлэг бодлгыг ойлгуулах мөн хүмүүжлийн ач холбогдолтой болохыг мэдрүүлнэ.

27

Бага ангийн сурагчдын үнэлгээ
УБ., 2001

Үнэлгээний зорилго нь суралцагчдын хөгжлийн төвшин, тэдний сонирхол хэрэгцээтэй уялдуулан хичээлийн төвшинг тодорхойлж улмаар хүүхэд амжилттай суралцах боломж бүрддэг. Үнэн зөв бодитой үнэлгээ нь багшаас юу заах, суралцагчаас юу сурахыг хүсч байгаа хоёрын хоорондын холбоог бий болгодог учраас багш нарыг үнэлгээний арга зүйд сургахад энэхүү номын зорилго оршино.

28 Идэвхтэй сургалт ба сурахуй
УБ, 2006
Асуулт дэвшүүлэх, хариултыг эрэлхийлэх, эзэмшсэн мэдлэг, чадвараа асуудал шийдвэрлэхэд хэрэглэх, бусдыг анхааралтай сонсож, хүлээцтэй хандах асуудлуудыг олон талаас нь авч үзэн байр сууриа илэрхийлэх зэрэг чадваруудыг сурагчдад эзэмшүүлэхэд шаардлагатай олон төрлийн арга зүйгээр баялаг ном билээ.
29 Сургуулийн шинэчлэл УБ, 2001 Сургуулийн шинэчлэх үйл явц, хамрах хүрээ, алхмуудын талаар танилцуулна.Шинэчлэлийн үеийн сэтгэлзүйн орчин оролцоо. Сургууль хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулах арга зүйгээс танилцуулна.
30 Багшийн төлөвлөлтийн ном
УБ, 2006
Анги удирдсан багш нарт хамгийн их тохиолддог бэрхшээл бол сургуулийн үйл ажиллагаанд эцэг эхийн анхаарлыг хандуулах, тэднийг татан оруулах, хүүхдэдээ хэрхэн анхаардаг болгох вэ хэмээн санаа зовнидог. Энэхүү төлөвлөлтийн ном нь энэ бүх бэрхшээлтэй асуултуудад хариу өгч, багш нэг хичээлийн жилд ямар үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах боломжтой, юуг анхаарвал зохих талаар олон зөвөлгөөг өгсний зэрэгцээ анги удирдаж буй багш нарт хэрэгцээтэй бүхий л төлөвлөлт мэдээллийг агуулснаараа онцлог юм.
31 Багшийн үйл ажиллагааны үнэлэлт, дүгнэлт 
УБ., 2002
Багшийн үйл ажиллагааг үнэлж хөгжүүлэх аргууд болон хичээлд анализ хийх арга хэлбэрүүдийг танилцуулахын зэрэгцээ багшийн мэргэжлийн болон жилийн "Бүтээлийн сан”-г бүрдүүлэх үнэлэх арга зүйг, багшийн гүйцэтгэх судалгааны ажлуудын талаар мэдээлэл авах боломжтой.
32 Музейг сургалтанд ашиглах нь
УБ., 2001
Сургуулийн болон бүлэг сэдвийн хөтөлбөр боловсруулахдаа мөн нэгж хичээлээ зохион байгуулахдаа орон нутгийг судлах музей, үзмэр, ном гарын авлага зэрэг нөөц материалуудыг сургалтанд хэрхэн ашиглаж болох тухай арга зүйг энэ номноос авч болно.
33 Амжилттай сайн сургалтыг хэрхэн зохион байгуулах вэ?
УБ., 2002
Сургалт зохион байгуулахад тохиолддог бэрхшээлүүдийг яаж даван туулах, чанартай сайн сургалт гэж ямар сургалтыг хэлэх вэ? Сургалтыг оновчтой зохион байгуулах арга хэлбэрүүдийн талаар энэ номноос мэдэж авах боломжтой
34 Ангийн номын сан бүтээлчээр уншуулах бичүүлэх арга зүй, ментор багшийн гарын авлага 
УБ,2007-2009
Ангийн номын сан байгуулах, сурагчдыг бүтээлчээр уншуулах бичүүлэх "Том ном” "Жижиг ном” бүтээх, сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тэднээр дамжуулан эцэг эх, олон нийтийг унших үйл ажиллагаанд татан оролцуулах "Номын богц” хийх арга зүй. Сургалтын хөтөлбөртөө агуулгаа хэрхэн баяжуулах өдөр тутмын сургалтын үйл ажиллагаандаа ангийн номын сангаа ашиглах, үнэлэх арга зүйг цогцоор нь багтасан болно.
35 Чанартай боловсрол-Хөгжлийн баталгаа 
УБ., 2001
МННХ-ээс хэрэгжүүлсэн " Сургууль 2001” хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаанд зориулан эрдэмтэд, судлаачид болон багш нарын шинэлэг арга туршлагыг нэгтгэсэн бага хурлын илтгэлүүдийн эмхэтгэл. Илтгэлүүдийн үндсэн агуулгууд нь одоо ч шинэ соргог хэвээр байгаа бөгөөд " Сургалтын хөтөлбөр” " Идэвхтэй сургалтын аргууд” "Менежмнт, Мэдээллийн технологийг сургалтанд хэрэглэх нь" зэрэг сэдвийн дор сонирхолтой олон илтгэлүүд байгаа.
36 Стандартад суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах нь 
УБ, 2007
Боловсролын тогтолцоо 11,12 жилийн тогтолцоонд шилжиж байгаатай холбогдуулан багш нар сургалтын хөтөлбөрөө /киррикюлим/ сургуулийн, бүлэг сэдвийн, нэгж хичээлийн түвшинд боловсруулах арга зүйг бүтээлч сэтгэлгээний аргаар хэрхэн баяжуулж хэрэглээ болгон ашиглах, сурагчдын цогц чадамжийг үнэлэж дүгнэх талаар танилцуулсан байгаа. Туршлагатай, бүтээлч багш нарын боловсруулсан сургалтын хөтөлбөрүүдээс жишээ болгон оруулсан болно.
37 Хамтран суралцахуй: Сэтгэл зүрх ба оюун ухааны уулзах цэг 
УБ., 2003
Багш нарт зориулсан нөөц материалыг агуулсан энэхүү ном нь багш, сурган хүмүүжүүлэгчдыг бүтээлч судалгаа эрэлхийлэлд татан оруулах, тэднийг хамтран суралцахуйн суурь зарчмуудын талаар эргэцүүлэн боддог, хоорондоо эерэг хэлэлцүүлэг өрнүүлдэг болгох, анги танхимдаа сургалтын идэвхтэй аргуудыг үр өгөөжтэй хэрэглэдэг болгох зорилготой.

Нийтэлсэн АДМИН, 22-03-2013, 06:50

МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn