Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн боловсролыг дэмжих нь

Сонсголын бэрхшээлтэй буюу дүлий байна гэдэг нь тухайн хүүхдийн хувьд бусадтай харилцахад бэрхшээлтэй байдгаас гадна тэдний сурах үйл явцыг удаашруулж, тэр ч бүү хэл сурах үйл явцад саад болдог. Жирийн хүүхдийн хувьд тэдний сурч буй зүйлсийн ихэнх нь сонсох эрхтнээр дамждаг. Тэд орчин тойрныхоо хүмүүсийн ярьж байгааг сонсч тэндээсээ сурч байдаг. Тэд телевиз радио сонсч тэндээсээ суралцаж байдаг. Үүнээс гадна тэдэнд эцэг эх, гэр бүлийн бусад гишүүд, насанд хүрэгчид хэлж зааж өгч тэндээсээ сурч байдаг. Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн хувьд энэ бүх танин мэдэх, сурах үйл явцыг алдаж байдаг гэсэн үг. Тиймээс тэдний сурах, танин мэдэх үйл явцад онцгой тусламж хэрэгтэй болдог. Энэхүү тусламжийг аль болох бага наснаас нь эрт эхлэх нь чухал юм.

Манай улсын хувьд Сонсголын бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгох ганцхан сургууль Улаанбаатар хотод байдаг ба хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотын захын хорооллын сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд тус сургуульд хамрагдах боломж бололцоо муутайгаас Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд сургууль завсардах явдал их гарч, сургууль завсардсан сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд дохионы хэл сурах орчин нөхцөл бүрдээгүйгээс нийгмийн харилцаанд орох, танин мэдэх үйл явцад нь бэрхшээл тулгарч байдаг.
Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөж байгаа энэ асуудал нь Монгол улсын боловсролын салбарт зайлшгүй тулгамдаж байгаа асуудал юм.

Иймээс Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг 2006 оноос Сонсголын бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад шаардлагатай мэдээллийг дохионы хэлээр дамжуулан хүргэх, боловсролгүй сонсголын бэрхшээлтэй хүүхэд залуучуудад дохионы болон бичиг үсгийн боловсрол эзэмшүүлэхээр Английн Дүлий Хүүхдийн Нийгэмлэгийн санхүүжилтээр "Дохионы хэлээр суралцацгаая” төслийг хэрэгжүүлсэн бол уг санаачилгаа өргөжүүлэн Нээлттэй Нийгмийн Хүрээлэнгийн "Боловсролыг Дэмжих Хөтөлбөр”-ийн санхүүжилтээр 21 аймгийг хамарсан "Боломж” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуультай хамтран бага нас, өсвөр насны сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд тэдний дотны туслагчид болох багш, эцэг эх, иргэдийг оролцуулсан системтэй ажлуудыг хийж байна.

Төслийн хүрээнд Сонсголын Бэрхшээлтэй Хүүхдийн Тусгай Сургууль (СБХТС)-тай хамтран ажиллаж тус сургуулийн багш, ажилчдыг шинэчлэгдсэн дохионы хэлний анхан шатны сургалтанд хамруулж байна. Мөн тэдний хэрэгцээ шаардлагад үндэслэн БСШУЯ, СБХТС-тай хамтарч дохионы хэлний дунд шатны 60 цагийн хөтөлбөр боловсруулав.

"Боломж” төслийн хүрээнд боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, ЕБС-иудын дунд төслийн уралдаан зарлаж Дархан-Уул, Орхон, Дорнод, Архангай, Дундговь, Завхан, Хөвсгөл аймгуудаас нэг нэг сургуулийг сонгон шалгаруулж тэдэнтэй хамтран тус сургуулиуд дээр сонсголын бэрхшээлтэй хүүхэд залуучуудад боловсрол олгох "БОЛОМЖ” төвийг байгуулсан юм. Эдгээр төвүүдийн үйл ажиллагааны хүрээнд дүлий болон сонсголын бэрхшээлтэй хүүхдийн төрөлх хэл болох дохионы хэлийг бага наснаас нь сургах, тэдний эцэг эхэд дохионы хэл заах, дохионы хэл дээр тулгуурласан мэдлэг, мэдээлэл олгох сургалтуудыг тогтмол зохион байгуулахын зэрэгцээ тухайн орон нутгийн төслийн сургалтанд хамрагдсан чих хамар хоолойн эмч нартай хамтарч бага насны хүүхдийн сонсголын алдагдалыг эрт илрүүлж оношлон сонсголын аппаратаар хангах үйл ажиллагаа явуулж байна.

Төслийн зүгээс баг бүрдүүлж сургуулийн өмнөх боловсрол (СӨБ)-ийн багш нарт зориулсан хөтөлбөрийг боловсруулж Цэцэрлэгийн Багшийн сургууль дээр 2008 оноос тус хөтөлбөрийг сонгон суралцах хичээлээр оруулж 2008-2009 оны хичээлийн жилд 34 оюутан суралцаж төгссөн ба 2009-2010 оны хичээлийн жилд 38 оюутан судалж байна.

Сонсголын Бэрхшээлтэй Хүүхдийн Тусгай Сургуулийн дэргэд 2007 онд байгуулагдсан цэцэрлэгийг түшиглэн сонсголын бэрхшээлтэй бага насны хүүхдийн хөгжлийг дэмжсэн сургалтын хөтөлбөрийг боловсруулан тус цэцэрлэг дээр 2007-2009 онд туршин хэрэгжүүлсэн ба 2009 онд тус хөтөлбөрийг засан сайжруулж стандартад нийцүүлэх ажлыг СБХТС болон Нийслэлийн Боловсролын Газартай хамтран тус хөтөлбөрийн заах аргын сургалтыг цэцэрлэгийн багш нарын дунд зохион байгуулав.

Монголын Залуучуудын Холбоотой хамтран Сонсголын Бэрхшээлтэй Залуучуудад зориулсан "Компьютер-Сургалтын Төв” нээн сонсголын бэрхшээлтэй залуучуудад анхан болон дунд шатны компьютерийн сургалтыг улирал тутам зохион байгуулж байна. Мөн төслийн хүрээнд www.deafeducation.mn вэбсайтыг нээж ажиллуулж байна.

Монгол дохионы анхан шатны сургалтыг иргэд, олон нийт болон сонсголын бэрхшээлтэй иргэд, хүүхэд залуучууд, тэдний гэр бүлийн гишүүд, багш нарт сар бүр тогтмол явуулж байна.

Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлэн СБХТС-ийн дотуур байртай хамтран эсгий, шүрэн урлалын дугуйлан сар бүр тогтмол хичээллүүлж суралцагчдын гар урлалын бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж байна.
Монголын Үндэсний "Боловсрол Суваг” телевизтэй хамтран анхан шатны дохионы хэлний телевизийн цуврал хичээлийг бэлтгэж хоёр долоо хоног тутам үзэгчдийн хүртээл болгов.

Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймгийн 36 сонсголын бэрхшээлтэй залуучуудыг хооронд нь танилцуулж, мэдээлэл солилцуулах зорилгоор онлайн уулзалтыг зохион байгуулав. Уулзалтад оролцсон Дархан-Уул, Орхон аймгийн залуус дохионы хэлний үгийн баялаг муу, шинэчлэгдсэн дохио мэдэхгүй, чөлөөт цагаа өнгөрөөх газар хомс, орон нутагт дохионы хэлээр тэдэнтэй харилцаж ойлгох чадвартай сонсголтой хүмүүс байддаггүй зэрэг өөрсдөдөө тохиолддог бэрхшээл, хүндрэлтэй асуудлаа илэрхийлж байсан юм.


   
   


 

Нийтэлсэн АДМИН, 23-04-2013, 08:58

МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn