Боловсрол ба жижиг бизнес

Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн "Алхам алхмаар” хөтөлбөр нь эцэг эх, гэр бүлийн гишүүдийг хүүхэдтэйгээ зөв харилцах улмаар гэрийн нөхцөлд хөгжүүлэх арга зүйг эзэмшүүлэн ажилладаг туршлагадаа үндэслэн Дэлхийн банкны "Монголын хөгжлийн зах” хөтөлбөрийн хүрээнд "Тогтвортой амьжиргаа-II” төслийн санхүүжилтээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, 79 дүгээр сургуультай хамтран "Боловсрол ба жижиг бизнес” төслийг хэрэгжүүллээ.

Тус төсөл нь иргэд, эцэг эхчүүд гарын доорх материалыг ашиглан гар урлалын жижиг бизнес эрхлэх чадвартай болж улмаар тэдний гэр орны амьжиргаа сайжирч, амьдрах идэвх урмыг сэргээсэн юм.

"Боловсрол ба жижиг бизнес” төслийн хүрээнд 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт амьдардаг 60 эцэг эх хамрагдсан бөгөөд сувсан ба өөдөс даавуун урлалын чиглэлээр тус бүр 12, нийт 36 удаагийн сургалтыг 79 дүгээр сургууль дээр зохион байгуулсан юм. Сувсан урлалын сургалтыг "Уран зангилаа” сургалтын төвийн сургагч багш Д.Зоригт, өөдөс даавуун урлалын сургалтыг 122 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Н.Гэрэлтуяа нар удирдан явуулж сургалтын үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөг төсөлд хамрагдагчдын чадвар, хэрэгцээнд нийцүүлэн боловсруулсан нь үр дүнтэй байлаа.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн технологийн кабинетийг түшиглэн тус төслийг хэрэгжүүлснээр тухайн хорооны иргэдэд ойр дөхөм байсан төдийгүй төслийн сургалт явуулах таатай орчин болсон юм.

"Боловсрол ба жижиг бизнес” төслийн өөдөс даавуун ба сувсан урлалын сургалтаас нийт 37 нэр төрлийн бүтээгдэхүүн ард иргэдийн гар дээр хүрч мөнгөн хуримтлал бүрдүүлсэн нь төсөлд хамрагдсан иргэдийн урмыг сэргээж цаашид сурснаа амьдралд хэрэгжүүлэхэд туслах томоохон хүчин зүйл болж чадлаа.

Нийтэлсэн АДМИН, 23-04-2013, 09:08

МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn