“Сургууль-2001” хөтөлбөр

«СУРГУУЛЬ-2001» ХӨТӨЛБӨР:  1998-2001
1998 онд МННХ-ээс «Сургууль-2001» Боловсролыг дэмжих хөтөлбөрийг баталсан ба уг хөтөлбөрийн дизайн төлөвлөлтийг Засгийн газрын албаны хүмүүс, сургууль болон олон улсын хандивлагч байгууллагын төлөөлөгчидтэй  олон удаа уулзаж зөвшилцсөний үндсэн дээр боловсруулсан  юм. «Сургууль-2001» хөтөлбөр нь бага, дунд боловсролын стандартболон киррикюлим буюу сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг сургуулийн төвшинд дэмжиж, сургуульд суурилсан өөрчлөлтийг хэрэгжүүлэх үндсэн зорилго агуулж байлаа. Үүний тулд дараахь зорилтуудыг дэвшүүлсэн юм. Үүнд:

  • Гол анхаарлаа хэлний болон нийгмийн ухааны хичээлийн стандартад чиглүүлэхээр төлөвлөсөн. Энэ нь өөрийн гэсэн шалтгаантай бөгөөд, тухайлбал, улс оронд 1990-ээд оноос хэрэгжиж байгаа нийгмийг бүхэлд нь хамарсан улс төр, эдийн засгийн өөрчлөлтүүдийг буюу «хос шилжилтийн» онцлогийг дээрх хичээлийн агуулгад тусгах хэрэгцээ шаардлагатай холбоотой байсанд оршино.
  • Монголын бага, дунд боловсролд хэрэглэж байгаа стандартыг өөрчлөн, сайжруулахад «Сургууль-2001» хөтөлбөрийн хамтран ажиллагч сургуулиудын туршлага болох шинэлэг арга ажиллагааг бодитой хувь нэмэр болгон БСШУЯам   авч ашиглах болно гэж үзсэн. Иймээс ч «Сургууль-2001» хөтөлбөр нь нийт улс орны хэмжээнд багш, сургуулийн удирдах ажилтнуудын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх сургалтанд ихээхэн анхаарч байсан болно. «Сургууль-2001» хөтөлбөрийн хүрээнд багш нар маань сургалтын материалаа боловсруулах сурагчдыг үнэлэх арга хэлбэрийг өөрсдөө боловсруулж, үр өгөөжтэй, харилцан идэвхтэй, шавь төвтэй сургалтын аргуудыг сонгон хэрэглэх зэрэгт илүүтэй суралцаж, туршлагажсан билээ.
  • «Сургууль-2001» хөтөлбөр нь хоёр талын урсгалтай замтай зүйрлэж болохоор төлөвлөгдсөн байв. Нэг чиглэлийн урсгалд нь, шинэлэг сургалтын хөтөлбөрийг боловсруулахдаа сургууль, багш нар маань БСШУЯамнаас гаргасан заавар, дүрмүүдийг ашиглаж, нөгөө эсрэг урсгалдаа БСШУЯамны бодлого боловсруулагчид нь «Сургууль-2001» хөтөлбөрийн хамтран ажиллагч сургуулиудын санаачлан хэрэгжүүлсэн шинэлэг үйл ажиллагаанд суурилаад, маш тодорхой, сургуулийн төвшинд хэрэгжүүлэх бүрэн боломжтой сургалтын стандартыг боловсруулахад хувь нэмрээ оруулах байлаа.
  • «Сургууль-2001» хөтөлбөрт төлөвлөсөн бас нэг зүйл нь төслийг хэрэгжүүлэх 3 жилийн хугацаанд хүний нөөцийн үндэсний чадавхийг дээшлүүлэх явдал байв. Төслийн явцад олон улсын зөвлөхүүдийн шууд оролцоо, туслалцаа аажмаар багассан юм. Төслийн 1 дэх жилийн туршид багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт семинаруудыг удирдан явуулж байсан сургагч багш нар нь АНУ, Европоос ирсэн боловсролын зөвлөхүүд байсан бол төслийн 3 дахь буюу сүүлийн жилд мэргэжил дээшлүүлэх сургалт семинаруудын ихэнхийг Монгол багш нар удирдан явуулж, зөвхөн цөөн тооны үндэсний сургалтуудыг л олон улсын зөвлөхүүд явуулсан. 

Төсөл 3 жилийн хугацаатай хэрэгжсэн бөгөөд эхний жилдээ 19 дунд сургуультай хамтран ажилласан. МННХ-ийн үйл ажиллагааны богино хугацааны түүхэнд анх удаа Монгол улсын баруун хязгаар Ховдоос зүүн хязгаарын Дорнод хүртэл, хойд хязгаарын Сэлэнгээс урд хязгаарын Өмнөговь аймгийг хамруулан улс орныг бүхэлд нь бүрхсэн төсөл хэрэгжиж эхэлсэн билээ. Бүс нутагт үйл ажиллагааг зохицуулагч 7 хүнийг томилон ажиллуулсанаар сургуулиуд болон МННХ-ийн үндэсний оффисийг холбох гүүр болгон ажиллуулсан юм.
Хамтран ажиллагч бүх сургуулиуд маань ойр орчмын бусад сургуулиудтайгаа байгаа нөөц, шинэ мэдээллээ хуваалцахаар анхнаасаа тохирсон юм. Төслийн 1 дэх жилийн эцэст компютер, олшруулагч машин, телевиз, приставк, кодоскод, дэлгэц бүхий ажлын орчинтой, багш нарт зориулсан гарын авлага, ном материалаар хангагдсан бүсийн  Мэдээллийн 7 төвүүд үйл ажиллагаагаа эхэлсэн юм.
Төсөл хэрэгжилтын 2 дахь жилд 39 түншлэн ажиллагч сургуультай болсон. Төслийн 2 дахь жилд Багш бэлтгэх чиглэлийн Их сургууль болон коллежууд нэгдэн орж ирсэн юм. "Сургууль-2001” хөтөлбөрийн хамтран ажиллагч сургуулиуд болох Улаанбаатар хот, Архангай, Дорнод, Ховд, Баян-Өлгий аймгуудын Багшийн коллежууд, УБИС-ын профессорууд нь багш нарын залуу халаа оюутнууддаа  сургалтын идэвхтэй аргууд болон шавь төвтэй сургалтын талаар зааж сургаж эхэлсэн болно. Төслийн хэрэгжилтийн 3 дахь жилд ”Сургууль-2001” хөтөлбөрийн хамтран ажиллагч сургуулийн тоо 72 болсон.
Сургууль 2001 төслийн боловсролд оруулсан үр өгөөж:
”Сургууль-2001” сонин ба багш нарын мэргэжил дээшлүүлэх багц материалуудтай болсон.
"Сургууль-2001” сонин гарч, боловсролын өөрчлөлт шинэчлэлийн талаарх шинэ соргог мэдээ мэдээлэл, багш нарын шилдэг сайн үйл ажиллагааны жишээ загвар, сургалтын нэгж хөтөлбөрийн жишээ, боловсролын салбарын янз бүрийн төлөөлөлийн хүмүүстэй хийсэн ярилцлага зэргийг нийтлэх болсоноор, Монголын багш нарын танил сонин болж чадлаа. Уг сонин төслийн шууд оролцоо, оролцоогүйгээс үл шалтгаалан Монгол улсын бүх сургуульд хүрч байна. Улс оронд хэрэгжиж буй боловсролын болон сургуулийн өөрчлөлт шинэчлэлийн талаархи мэдээ мэдээллийг багш нарт хүргэдэг цорын ганц тогтмол хэвлэл нь энэ сонин болж байсан юм. Мөн сониноос гадна төслийн 2 дахь жилийн явцад үндсэн багийн гишүүд маань багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтанд ашиглах зориулалт бүхий 10 ном товхимол бэлдсэн юм. Энэ тоонд бид үндсэн багийн гишүүдийн өөрийн аймаг орон нутагт бие даан боловсруулсан гарын авлага материалуудыг оруулаагүй болно.
Сургуулийн захирал, Боловсрол Соёлын төвийн захирал олон хүн багшийн ажлыг үнэлэх, сайн багш гэж тооцоход тавигдах шалгууруудыг шинэчлэж эхэлсэн. Хамтран ажиллагч сургуулиуд маань "сайн сургалттай сургууль” гэдэг нэр хүндтэй болж, олон эцэг эх хүүхдээ эдгээр сургуульд явуулах болж, мөн эдгээр сургуульд ажиллаж байгаа олон багш ур чадвараараа  шалгарч, шагнал урамшуулал хүртсэн багш нарын тоо хөтөлбөрийн хэрэгжилтийн жилүүдэд нэмэгдсээр ирсэн юм.

Сургуулийн багш нар бие даан сургалт зохион байгуулдаг болсон. Хамтран ажиллагч сургуулийн үндсэн багийн багш нар нь сургалтын хөтөлбөр болон сургалтын идэвхитэй аргуудын талаар сургалт явуулж, зөвлөгөө өгөх зорилгоор өөрийн болон бусад сургуулийн багш нартай 58 удаа уулзсан ба багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт семинарт давхардсан тоогоор Монголын 2167 багш нэг ба түүнээс дээш удаа оролцсон тоо гарч байгаа болно.
Нээлттэй сургуулиудыг анх бий болгосон.
Төслийн 1 ба 2 дахь жилийн ихэнхи сургуулиудын үрчилж авсан  эдгээр шинээр элсэгч сургуулиуд нь МННХ-ээс хэрэгжүүлсэн бусад төслүүд болох "Бүтээлч сэтгэлгээ”, "Алхам алхмаар”, "Мэтгэлцээн”, "Англи хэлний сургалт”, "Иргэний боловсрол” зэрэг хөтөлбөрүүдэд оролцдог сургуулиуд байв. Ингээд "Сургууль-2001” төслийн 3 дахь жилийн явцад МННХ-ээс хэрэгжүүлж буй эдгээр олон хөтөлбөрүүдийн хоорондын уялдаа холбоо сайжирлаа. Эндээс л сургуулиуд маань нээлттэй сургуулиуд болох шинж төрхөө олж эхэлсэн. Учир нь боловсролын дээрх хөтөлбөрүүдэд Нээлттэй нийгмийн үзэл санаа, зарчим хэрэгждэг билээ.
Явуулын Мэдээллийн төв
Явуулын Мэдээллийн төвүүд нь алслагдсан хөдөө орон нутгийн сургуулиудад хүрч, тэдэнд номын сангийн үйлчилгээ, ном, сургалтын материалуудыг хүргэж байлаа. Түүнчлэн жижиг мини-сургалтуудыг ч явуулдаг байсан.  Энэ үйл ажиллагаанаас мэдээлэл бол сургуулийн хөгжлийн амин дэм гэдгийг сургууль, багш нар мэдэрч эхэлсэн.

Хичээл хоорондын уялдаа холбоог сайжруулах багш нарын хамтын ажиллагаа
Төслийн 3 дахь жилийн явцад ижил хичээл заадаг багш нар уулзалт зохион, сургалтын хөтөлбөр болон сургалтын аргуудын талаар хэлэлцэж, үүнийхээ үндсэн дээр хэрхэн хэрэгжүүлэхээ хамтран  бэлддэг байлаа. "Сургууль-2001” хөтөлбөр нь анх удаа Байгалийн шинжлэлийн хичээлийн багш нарыг сургалтандаа хамруулсан нь  "Музейн сургалт” нэртэй үндэсний сургалт семинар байлаа. Энэ семинараас тусгаж, сургуулиудад дэмжлэг олгох жижиг төслийн хүрээнд улс орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа багш нар "сургуулийн мэдлийн цаг”-ийг ашиглан заах бас түүнчлэн сургалтын хөтөлбөр тухайлбал, Орон нутаг судлалын хичээлийн хөтөлбөр боловсруулан, хэвлүүлж эхэлсэн юм. Энэ нь сургалтыг сонголтой, орон нутгийн хэрэгцээг тусгах, сонирхолын бүлгүүдийн оролцоог өргөтгөх, улмаар прагматик болгоход шинэ санаа төрүүлсэн билээ.

 "Сургууль-2001” хөтөлбөрөөс бодлогын төвшинд үзүүлсэн нөлөө
"Сургууль-2001” хөтөлбөрт БСШУЯамнаас үзүүлэх туслалцаа  дэмжлэг нь илт харагдахуйц болж БСШУЯамны ахлах мэргэжилтнүүдээс сургалт семинар бүрт оролцон, "Сургууль-2001” хөтөлбөрийн Бодлогын Зөвлөлдөх Зөвлөл, МННХ-ийн Боловсролын Шинжээчдийн Зөвлөлд гишүүнээр ажиллаж төслийн хэрэгжилтийн бүхий л явцад Яамны дэмжлэг нь бодит үйл болж ирсэн байна.
Ийнхүү ”Сургууль-2001” хөтөлбөр нь сургуулийн захирал, багш нар өөрсдөө боловсролын өөрчлөлт шинэчлэлийг хэрэгжүүлэх үйл хэргийг удирдан, хариуцлагыг өөрсдөө хүлээсэн, сургуулийг түүшиглэсэн, боловсролын өөрчлөлт шинэчлэл байв.

 Ийнхүү ”Сургууль-2001” боловсролыг хөгжүүлэх хөтөлбөрийн тулгуур шинж нь сургалтыг гардан эрхэлдэг багш нар болон бодлого боловсруулагчдын үйл ажиллагааны огтолцол байсан бөгөөд энэхүү хамтын ажиллагаа нь 2001 оноос хойш ч үргэлжилсээр байна.

Нийтэлсэн АДМИН, 28-03-2013, 10:37

Ном гэр
Хөтөлбөрийн тухай
Үйл ажиллагааны чиглэл
“Сургууль-2001” хөтөлбөр
Багш-2005
Багшийн хөгжил нэгж
Сургалтын онцлог
Сургагч багш
Ном, гарын авлага
Би-Залуу багш
Таны цаг
Нээлттэй сургууль
Хөдөөгийн боловсролыг дэмжих READ төсөл
Боловсролын шинэчлэл ба сургуулийн менежемент
МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn