Хөдөөгийн боловсролыг дэмжих READ төсөл

"ХӨДӨӨГИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ READ” ТӨСӨЛ
"Хөдөөгийн сум, багийн сургуулиудын бага ангийн багш нарын мэргэжил дээшлүүлэх,   сүлжээг бэхжүүлэх нь” дэд төсөл
Дэлхийн банкны санхүүжилтээр БСШУЯ-наас хэрэгжүүлсэн  READ төсөл нь хэд хэдэн бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд тэдгээрийн нэг нь "Хөдөөгийн сум, багийн сургуулиудын бага ангийн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх нь” гэсэн дэд төсөл билээ. Дэд төслийн сургалт зохион байгуулах үнэлгээ мониторинг хийх, ментор багш нарыг орон нутагт бэлтгэх ажлыг  БХАН 2007-2010 онд хийж гүйцэтгээд байна.
Зорилго  Хөдөөгийн сургууль багш, суралцагсдын хөгжлийг дэмжих,сургалтын чанарыг дээшлүүлэхийн тулд ангийн номын санг ашиглан бие даан бүтээлчээр суралцах арга барил эзэмшүүлэх, энэхүү үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх улмаар багш нарын мэргэжил дээшлүүлэх үр өгөөжтэй сүлжээг бий болгож түүний үйл ажиллагааг тогтвортой ажиллуулах явдал байв.
Зорилт

  • Үндсэн үйл ажиллагаа Ангийн номын сан: Ангийн номын санг мэдээлэл олж авах эх үүсвэр болгон ашиглах, хамгаалах, фондыг арвижуулах, түүний үйл ажиллагааг тогтвортой хэвийн байлгах арга барилд ном ашиглаж буй хүмүүсийг сургах
  • Багшийн арга зүй:  Багш номын сангаа ашиглан суралцагсдыг бүтээлчээр унших, бичих, ярих, сэтгэн бодох арга барилд сургаснаар тэдний сурлагын амжилтыг дээшлүүлж, нөгөө талаар багш өөрөө мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх.
  • Олон нийтийн оролцоо:  Сургуульд суурилсан ангийн номын сангийн тусламжтайгаар хүүхдийн болон олон нийтийн унших бичих чадварыг сайжруулах үйл ажиллагаан дахь олон нийтийн оролцоог хөхүүлэн дэмжих
  • Сүлжээний тогтвортой байдал:  Ангийн номын сан болон багш нарын мэргэжил дээшлүүлэх сүлжээний тогтвортой байдлыг хангахын тулд дороос гарсан аливаа санал санаачлагуудыг дэмжин, сургууль, орон нутгийн удирдлага, БСГ-тай хамтран хэрэгжүүлэх гэсэн зорилтуудыг тавьж хэрэгжүүлсэн юм.

Үйл ажиллагааны чиглэлүүд

  • Сургалтын гарын авлага модуль боловсруулах
  • Сургалт
  • Сургагч багш бэлтгэх сургалт
  • Үндсэн түшиц сургуульд суурилсан сургалт
  • Сүлжээ сургуулиудад зориулсан сургалт
  • Үнэлгээ мониторинг хийх үйл ажиллагаа
  • Багш нарын мэргэжлийг дээшлүүлэх сүлжээг цаашид тогтвортой ажиллуулах ментор багш нарыг бэлтгэх
  • Багш нарын туршлагыг  солилцуулах
  • Хэвлэл мэдээллийн хэргэсэлээр сурталчилах зэрэг чиглэлүүдээр ажиллаа. 

БХАН-ийн зүгээс сургуулиудад хүргэж буй  ангийн номын сангийн ашиглалтыг үр өгөөжтэй болгохын тулд,  номын сан нь хүүхдүүдэд ойр дөт, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн байнгын шинэлэг байж  бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн сонирхолтой  үйл ажиллагааг явуулдаг  байлгахын тулд бага ангийн багш нарт бидний өмнө нь мэддэг байсан "номын сан” гэсэн ойлголтыг шинэчлэх, илүү сонирхолтой, өөрийн эрхгүй сурагчид, эцэг эх, олон нийт ном унших үйл ажиллагаанд татагдан орох тэрхүү арга зүйг эзэмшүүлэх сургалт хэрэгтэй гэж үзсэн юм.
Иймээс "Ангийн номын санг ашиглан суралцагсдыг  бүтээлчээр уншуулж, бичүүлэх арга зүй” гэсэн шинэлэг агуулга, арга зүй бүхий сургалтыг сүлжээний загвараар зохион байгуулсан. Сургалтын ийм загвар нь багш нар өөрсдөө төслийн эзэн нь болж санаачлагыг гартаа авах, орон нутагт сургагч /ментор/ нарын чадавхи бий болох маш сайн талтай байлаа. 
БХАН  нь сургалтанд зориулсан гарын авлага боловсруулах, сургалт, мониторинг хийх зэрэгтээ  өмнө нь бусад төслүүд дээр хамтран ажиллаж байсан Жорж Хант, Николай Кретив, Гита Штейнер Хамси зэрэг олон улсын зөвлөхүүдээр  агуулга, арга зүй, сургагч багш бэлтгэх сургалт, мониторинг хийлгэж  зөвлөгөө авсан билээ. Эдгээр зөвлөхүүд нь 1998  оноос хойш Монгол улсад удаа дараа ирж ажиллаж байсан туршлагтай тул Монголын боловсролын систем, сургууль, багш нарын  талаар өргөн тодорхой ойлголт, мэдлэгтэй, туршлагатай хүмүүс байсан юм.
Сургалтын гарын авлагын боловсруулалт  болон сургалтын үйл явцад БСШУЯ –ны Бага дунд боловсролын газрын мэргэжилтэн Н. Нэргүй,  болон Дэлхийн Банкны төслийн ажлын хэсгийн  мэргэжилтнүүд  4 удаа хүрэлцэн ирж мониторинг, үнэлгээ дүгнэлт гаргаж байсан нь сургалтын агуулгыг боловсронгуй болгох, уламжлалт соёл ойлголт,  монгол амьдралд ойр баримт, жишээгээр дасгалыг баяжуулах, номын санд байгаа номнуудаас ихэр жишээ татан оролцуулах тал дээр нэлээд шинэлэг үнэ цэнэтэй санаануудыг өгч байлаа.
Дэд төслийн эцэст Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гэсэн  гурван том хот болон аймгийн төвүүдээс бусад хөдөөгийн сум, багийн  бүх сургуулиудын бага ангийн бүх багш нар энэ сургалтанд оролцсон  юм. 
Тоон мэдээлэлээр хөдөөгийн сум, багийн 395 сургуулийн 4545 бага ангийн багш, сургалтын менежер, номын санч, захирал, БСГ-ын бага боловсрол хариуцсан арга зүйчид  сургалтанд хамрагдаж 126.000 хүүхдүүд ангийн номын санд байгаа номнуудаа бүтээлчээр уншдаг, сургачдын эцэг эх, гэр бүлийн гишүүд, орон нутгийн байгууллага, ард иргэд нь хамтран ажилладаг болж  байна.
2009 оны 9-р сард Төв аймгийн Зуунмод суманд "Хөдөөгийн Боловсролыг Дэмжих READ” төсөл нэртэй үзэсгэлэн гаргаж, Эрдэнэ суманд үзүүлэх хичээл заан сурталчиллаа. Энэ үйл ажиллагааг Дэлхийн Банкны ажлын хэсэг,  Лаос, Комбожи, Шинэ Гвиней, Хонконг, Филлипин, Вьетнам, Папау зэрэг орны төлөөлөгчид үзэж сонирхлоо.
Мөн Дэлхийн Банкны шугамаар Азийн 10 гаруй орны парламентийн төлөөлөгчдөд манай улсад айлчилан ирхэд сургагч багш П.Зулбаяр ангийн номын сангийн агуулга, арга зүйгээр үзүүлэх хичээл зааж үзүүллээ.
Сургалтыг цаашид түгээн дэлгэрүүлэх нь боловсролын салбарт тодорхой чадавхи бий болгох нарийн үйл явц юм. Ийм ч учраас төслийн 3-р шатны дараа БСШУЯ-ны сайдын тушаалаар Монгол улсын хэмжээнд бага ангийн багш бэлтгэдэг сургуулиудын сургалтын хөтөлбөр, агуулга, арга зүйд READ төслийн сургалтыг оруулах болсноор шинээр багш мэргэжлийг эзэмшиж байгаа оюутан сурагчдад нэн чухал ач холбогдлоо өгч цаашид тогтвортой үргэлжлэн хэрэгжих бололцоог олгож байгаа юм. 
Сургалт зохион байгуулсан сүлжээ:
Сургалтыг зохион байгуулах загварын хувьд аймаг бүрээс сумын нэг сургуулийг үндсэн түшиц сургуулиар сонгож мөн орон нутгийн газар зүйн байрлал, дараагийн сургалтыг хийх боломж, нөөц зэргийг харгалзан үзэж 4-5 сургуулийг түшиц сургуулиудаар сонгосон билээ. Түшиц сургуулиудын ойролцоо байрлах  сумдын сургуулиудыг сүлжээ сургууль гэж нэрлэсэн.
Эхний сургалтыг үндсэн түшиц сургууль дээр 4-5 түшиц сургуулийн бага ангийн бүх багш, номын санч, сургалтын менежер, захиралууд ирж нэгдсэн сургалтанд оролцсон. Эхний сургалтын дараа БХАН-ийн сургагч багш нар түшиц сургууль бүр дээр очиж үнэлгээ мониторинг хийн зөвлөн туслаж дараагийн сургалт зохион байгуулах бэлтгэлийг бүрэн хангуулсан. Үүний дараа түшиц сургуулиуд өөрийн ойролцоо байрлах сүлжээ сургуулидыг урин авчирч дараагийн сургалтыг бие даан зохион байгуулсан билээ. Ийм загвараар хөдөөгийн бүх сум, багийн сургуулиуд "Ангийн номын сан ба бүтээлчээр уншуулах, бичүүлэх арга зүй” сэдэвт сургалтанд бүрэн хамрагдсан юм.

Сургалтын гарын авлага
"Ангийн номын сан, идэвхтэй унших, бичих арга зүй” нэртэй сургалтын гарын авлагыг сургагч багш,  бага ангийн багш нарт зориулан боловсруулсан. Уг гарын авлага нь ангийн номын санг ашиглах  шинэлэг агуулга,  арга зүй, үнэлгээ бүхий цогц агуулгаас гадна  цаашид сүлжээний сургалтыг зохион байгуулахад зайлшгүй шаардагдах төслийн бүх л мэдээ мэдээлэл, мөн ангийн номын сангийн номыг хэрхэн хүлээн авах ба түгээх, бүртгэх , олон нийтийг энэ үйл ажиллагаанд хэрхэн татан оролцуулах боломжийг тусгасан баялаг агуулгыг багтаасан.
Гарын авлагын үндсэн агуулга нь:

  • Ангийн номын санг байгуулж орон нутгийн хэмжээнд хамтын ажиллагааг бий болгох нь
  • Идэвхтэй унших ба бичих аргууд 
  • Шүүмжит ойлгох чадвар ба үгийн санг хөгжүүлэх нь
  • Ангийн номын сангийн ашиглалтын чанарт үнэлгээ өгөх ба сурагчдын унших чадварын түвшний өсөлтийг үнэлэх нь 

     Энэхүү  гарын авлага нь нэг талаас төслийн сургагч багш, нөгөө талаас бага ангийн багш нарт зориулагдсан юм. Уг гарын авлага нь ангийн номын санг ашиглах  шинэлэг агуулга,  арга зүй, үнэлгээ бүхий цогц агуулгаас гадна  цаашид сүлжээний сургалтыг зохион байгуулахад зайлшгүй шаардагдах төслийн бүх л мэдээ мэдээлэл, мөн ангийн номын сангийн номыг хэрхэн хүлээн авах ба түгээх, бүртгэх , олон нийтийг энэ үйл ажиллагаанд хэрхэн татан оролцуулах боломжийг нэгтгэсэн ”Хавсралт” хэсэгтэй болно.   Бага ангийн багш нарын хувьд  энэхүү арга зүйгээр ангийн номын сангийн ном болон эх сурвалжуудыг  хүүхэд, эцэг эх ,олон нийтийн  сонирхол, хэрэгцээнд тулгуурлан бүтээлчээр хэрэгжүүлэх боломжийг олгох жишиг хувилбар юм. 
Гарын авлага боловсруулах ажлыг  Шотландын Эдинбургийн их сургуулийн Багшийн сургуулийн профессор Жорж Хант, Олон улсын бүтээлчээр Унших, Бичүүлэх  Консерцумын гишүүн Кретив Нику болон үндэсний сургагч багш  нарын баг  хамтран 4 модуль бүхий гарын авлага боловсруулан гаргалаа.
Гарын авлагыг 4000 гаруй хувь хэвлэн сургалтанд хамрагдаж буй бүх сургуулийн баг ангийн бүх багш нарын хүртээл болгосон. Туршилтийн дараа гарын авлагыг улам сайжруулах талаар Дэлхийн банкны болон БСШУЯ-ны  зөвлөхүүдийн саналыг үндэслэн зарим нэг засвар нэмэлт оруулж төсөл хэрэгжилтын нийт хугацаанд 3 удаа нэмэлт засвар болон багш нарын ажлын туршлага, шинэ санаа, санаачилгаар баяжуулан дахин хэвлүүлж, олны хүртээл болголоо.
Нэмэлтээр оруулсан санаануудаас нэгтгэвэл дасгалуудын сэдвүүдийг оновчтой, гэгээлэг,  хүмүүжлийн  ач холбогдолтой,  монгол зан заншилыг тусгасан,  амьдралд ойр жишээ баримтуудыг аль болох  ангийн номын санд байгаа номноос нь сонгон түлхүү оруулж ашиглах   аргачлалын алхмуудыг боловсронгуй болгосон.
Гарын авлагаа дагалдуулан "Арга зүйн зөвлөмж” боловсруулан гаргасан нь багш нарт сурсан мэдсэн зүйлсээ өдөр бүр сургалтандаа ашиглах боломжийг илүү болгоход нь туслах зорилготойгоор хэвлүүлэн хөдөөгийн сум, багийн бүх багш нарын хүртээл болгов.
Хэдийгээр төслийн баримт бичигт  тусгагдаагүй боловч сумын багш нараас "Ментор багш”-аар сонгогдсон багш нарт зориулан "Ментор багшийн гарын авлага” –г боловсруулав. Энэхүү гарын авлагаа хөдөөгийн сум, багаас сонгогдсон 108 ментор багш нарт хүргэж, насан хүрэгчдэд зориулсан сургалтыг хэрхэн зохион байгуулах, сургалтандаа хэрхэн бэлтгэх, ер нь ментор гэж хэн бэ гэх мэт тэдэнд шаардлагатай бүхий л мэдээллийг агуулсан болно.
Төсөл хэрэгжилтийн 3-р шатанд Баян –Өлгий аймгийн багш нар хамрагдах болоход тэдний ёс заншил, хэл соёлыг хүндэтгэх үүднээс мөн сургалтын дараах гарын авлага материалын хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор " Арга зүйн зөвлөмж” болон "Ментор багшийн гарын авлага” –г казах хэлэнд орчуулан хэвлүүлж багш нарын хүртээл болголоо. Ингэснээр сурагчдын унших, бичих сонирхолыг нэмэгдүүлэх, анги танхимдаа шинэлэг арга зүйгээр сургалтаа удирдан явуулах, олон нийтийг үйл ажиллагаандаа татан оролцуулах боломжийг нээж өгсөн юм.
Сургагч багшаар ажиллах багш нарыг сонгон шалгаруулж, бэлтгэсэн нь  
Дэд төслийн хэрэгжилтэнд нөлөөлөх нэг чухал хүчин зүйл нь сургагч багш нар билээ. Иймээс сургагч багш нарыг сонгон ажиллуулах улмаар орон нутагт  мэргэжил дээшлүүлэх сүлжээг тогтвортой ажиллуулахад эдгээр багш нараа улам чадваржуулах нь БХАН-ийн нэгэн зорилт болж байна. 
Бид БСШУЯам, БХАН-ээс  "Сургагч багш”-ийн  гэрчилгээ авсан үндэсний сургагч багш нараас  хамгийн идэвхитэй,  санаачилгатай, олон удаа сургалт зохион байгуулж байсан туршлагатай багш нарыг  сонгон авсан болно.
Хөдөө орон нутгаас тухайн сүлжээг цаашид тогтвортой ажиллуулах боломжтой, ажил үүргийн хувьд нэг чиглэлийн гэдэг үндэслэлээр БСГ-уудын бага боловсрол хариуцсан арга зүйчдийг сүлжээний ахлагчаар томилсон ба  орон нутгийн сургагчаар орон нутагтаа тогтвор сууршилтай ажиллах, мэргэжлийн ур чадвар, туршлага арвин, идэвх санаачилгатай ажиллах зэрэг шалгуураар ментор багшийг сонгон шалгаруулж авсан билээ.  
  2010 он гэхэд:

  • Хөдөөгийн сум, багийн бага ангийн 3500 бүлэг тус бүр 200 номтой ангийн номын сантай болсон.  
  • 126.000 бага ангийн сурагч унших материалтай болсноор тэдний  сурлагын амжилтанд тодорхой хувь нэмрээ оруулсан.
  • Хөдөөгийн сум, багийн бүх сургуулиуд мэргэжил дээшлүүлэх сүлжээнд хамрагдан 395 сургуулийн 4545 багш "Ангийн номын сан-бүтээлчээр унших арга зүй” сэдэвт сургалтанд хамрагдсан.
  • Мэргэжлийн сүлжээг тогтвортой авч явах 182 ментор багшийг бэлтгэн чадваржууллаа.
  • 21 аймгийн бага боловсрол хариуцсан арга зүйч, хөдөөгийн сум, багийн сургуулиудын номын санчид, сургалтын менежер, захирлууд уг сургалтанд оролцож мэдлэг, чадвараа дээшлүүлэв.
  • Сургалтын гарын авлага, зөвлөмжийг Казах хэл дээр орчуулан Баян-Өлгий аймгийн сум, багийн сургуулиудын багш нарт хүргэлээ.
  • Бага ангийн багш бэлтгэдэг Улаанбаатар хотын багшийн сургууль, Архангай Баян-Өлгийн багшийн сургууль, Дорнод, Ховдын Их сургуулийн 170 гаруй багшид дээрх агуулга, арга зүйг хүргэлээ.
  • Төслийн ангийн номын сан авсан сургуулиудын бүлэг бүрт номын баяжилт хийлгэх ном захиалан авах үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ үйл ажиллагаанд хөдөөгийн сум, багийн 395 сургуулийн 3520 бүлгээс номын захиалга авч "Ангийн номын сан”-гаа баяжуулахад зохион байгуулалтын ажлыг гүйцэтгэв. 
  • Төслийн туршилтын 5 аймаг болох Архангай, Булган, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн сум, багийн сургуулиудад төслийн хэрэгжилтийн туршлагаас танилцуулах, шинэчлэгдсэн агуулга, арга зүйг хүргэх зорилго бүхий чадваржуулах сургалтыг зохион байгууллаа. Энэ үйл ажиллагаанд дээрх аймгуудын сум, багийн сургууль бүрээс тус бүр 2 багш сургалтанд оролцсон бөгөөд дараа нь өөрийн сургуулийн багш нарт сурч мэдсэн зүйлээ зааж сургах юм.

Хэвлэл мэдээлэл
БХАН-ээс эрхлэн гаргадаг сар тутмын "Нээлттэй сургууль” сонинд төсөл хэрэгжилтийн талаарх бүхийл мэдээлэлийг цаг алдалгүй гаргаж олны хүртээл болгож байлаа.
Мөн Боловсрол суваг телевизтэй хамтран 2 дахь шатны аймгуудын сургууль, багш нарын тэргүүн туршлагыг олны хүртээл болгох үүднээс Дорноговь, Хэнтий, Сүхбаатар аймгийн сургуулиудаас бичлэг хийн

  • Хөдөөд хүүхдийн номын хур буулаа
  • Ном тойрсон шинэ орчин
  • Жижиг ном
  • Том ном
  • Номын богц гэсэн 5 цуврал нэвтрүүлэг бэлтгэн орон даяар 7 хоногт 2 удаагийн давталттайгаар цацагдлаа.

Мөн бүх түшиц сургуульдаа DVD - гээр өгч, англи хэлээр орчуулан гаргалаа. 

Нийтэлсэн АДМИН, 28-03-2013, 11:05

Ном гэр
Хөтөлбөрийн тухай
Үйл ажиллагааны чиглэл
“Сургууль-2001” хөтөлбөр
Багш-2005
Багшийн хөгжил нэгж
Сургалтын онцлог
Сургагч багш
Ном, гарын авлага
Би-Залуу багш
Таны цаг
Нээлттэй сургууль
Хөдөөгийн боловсролыг дэмжих READ төсөл
Боловсролын шинэчлэл ба сургуулийн менежемент
МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn