Мэтгэлцээний боловсрол

  • Ардчиллын үнэт зүйлс ба иргэний эрх зүйн талаар
  • Бүтээлч шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх тухай
  • Харилцааны чадварын талаар
  • Илтгэх чадварыг хөгжүүлэх тухай
  • Төрөлх болон гадаад хэлний мэдлэг чадварыг хөгжүүлэх
  • Үндэсний цөөнх ба хязгаардмал боломж бүхий хүмүүсийг дэмжих
  • Зөрчлийг шийдвэрлэх талаар сургалтуудыг явуулдаг юм.

Ардчилсан үнэт зүйл ба иргэний эрх зүйн боловсрол 
Ардчилсан нийгэмд хэлэлцэж мэтгэлцэж байж шийдвэрт хүрдэг. Мэтгэлцээний тусламжтайгаар сурагчид өөрийн үзэл бодлыг илэрхийлээд зогсохгүй бусдад итгэл үнэмшил төрүүлж итгүүлж эх чадварыг эзэмшдэг юм. Мэтгэлцээнээр асуудлыг хоёр талаас нь авч үздэг учраас сурагчид илүү олон ургальч үзлийг хүндэтгэдэг бусдын саналыг ойлгодог чадвартай болгодог. Асуудлаар хамгийн үнэ цэнэтэй нотолгоо дэвшүүлсэн тал нь ялах учраас сурагчид үнэн ганц байдаггүй өөрөөр хэлвэл үнэнийг хэн ч ганцаар эзэмшихгүй гэдгийг ойлгож хүлээн зөвшөөрөх чадвартай болдог юм. Ардчилсан нийгэмд иргэд мэтгэлцээнээр маргаантай асуудлыг тайван замаар шийдэх аргад суралцдаг. Цаашилвал улс төр нийгмийн асуудлуудаар мэтгэлцэх нь сурагчдыг ямар нэг хэмжээгээр амьдралд бэлтгэдэг. Хүний эрх, эрх чөлөө, ардчилсан засаглал, олон улсын харилцаа, улс төрийн бодлого гэх мэт асуудлуудаар тодорхой мэдлэгтэй болж байдаг. Эдгээр асуудлуудаар мэтгэлцэхэд хичээлээр үзсэнээс өөр илүү бүтээлч байдлаар ханддаг. 
Нийгмийн төрийн институциудын талаар гүнзгий ойлголт өгөхийн тулд тус хөтөлбөр нь шүүх ажиллагааг дууриах тоглолт, оюутны конгрессийн үйл ажиллагаануудыг санхүүжүүлдэг.
Бүтээлч шүүмжлэлт сэтгэлгээ 
Бүтээлч шүүмжлэлт сэтгэлгээг эзэмшсэн сурагч нь урьдчилсан таамаглалуудыг шүүн тунгааж аливаа мэдээллийг дүгнэж цэгнэх чадвартай болсон байдаг. Мэтгэлцээн нь бүтээлч шүүмжлэлт сэтгэлгээг шаарддаг учраас сурагчдын бүтээлч шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэхэд дөхөм болдог. Мэтгэлцээнээр сурагчид асуудлын зөрчилт талуудыг илрүүлэн өөрийн байр суурийг тодорхойлж бататгах баримт дүгнэлтийг судлан сурвалжлахад суралцдаг. Бүрэн сонсож ойлгосны үндсэн дээр эсрэг талын байр суурийг няцаах учраас мэтгэлцээн нь сурагчдын идэвх оролцоотой сонсох чадварыг нь хөгжүүлдэг. 
Багш мэтгэлцээнд бэлтгэх явцад асуудлын боломжит зөрчилт талуудыг олж харах, нотолгоонуудыг шүүн үзэх, өөрчлөх, сонгох боломжит эсрэг нотолгоонуудыг авч үзэх гэх мэтээр сурагчдыг шүүмжлэлт сэтгэлгээнд сургаж байдаг. Мэтгэлцээнд оролцож байгаа сурагч үйл ажиллагааны явцын турш бүтээлч шүүмжлэлт сэтгэлгээнд суралцаж байдаг.
Харилцааны болон бусад чадварууд 
Мэтгэлцэгч нь хэдийгээр сайн нотолгоонуудыг боловсруулсан боловч байр сууриа бусдад ойлгуулж хүргэж чадахгүй бол энэ нь ямар ч ач холбогдолгүй болно. Хязгаарлагдмал буюу харьцангуй богино хугацаанд үзэгч сонирхогч олны өмнө өөрийн байр суурийг илэрхийлэх нь мэтгэлцэгчийн үүрэг байдаг. Тэгэхээр мэтгэлцээн нь бичгийн болон ярианы маш өндөр чадварыг шаарддаг байх нь. Итгэл үнэмшил төрүүлэхүйц нотолгоонуудыг боловсруулж танилцуулах нь мэтгэлцэгчийн бичгийн болон ярианы чадварыг яах аргагүй хөгжүүлдэг юм. Мэтгэлцээний өмнө сурагчид нотолгоо бүхий сайн эсээ бичиж боловсруулдаг гэсэн үг шүү дээ. 
Мэтгэлцээн нь сурагчдын цаашдын амьдралд чухал зохион байгуулах чадвар, багаар ажиллах чадвар, бие даасан судалгаа, бичгийн болон ярианы өндөр чадвар гэх мэт чадваруудыг хөгжүүлж төлөвшүүлдэг. Ирээдүйд ажил төрөл эрхлэхэд эдгээр чанар чадварууд зайлшгүй шаардлагтай нь мэдээж юм. Мэтгэлцэгч сурагчид ялангуяа ажилд ороход авдаг ярилцлаганд маш бэлтгэлтэй болсон байдаг. Хурдан сэтгэж, бодол санаагаа цэгцтэй илэрхийлэх нь ямагт ач холбогдолтой байдаг. 
Төрөлх болон гадаад хэлний чадвар 
Мэтгэлцээн сурагчдад төрөлх болон гадаад хэлний мэдлэгээ хөгжүүлэх өргөн боломжийг олгодог. Карл Попперын хөтөлбөр эхлэхээс өмнө дэлхий дахинд сургалтын мэтгэлцээн нь ихэвчлэн англи хэлээр өрнөдөг байлаа. Харин тус хөтөлбөр нь сурагчдыг өөрийн төрөлх хэлээр мэтгэлцэхийг хөхүүлэн дэмждэг билээ. Тэр тусмаа үндэсний цөөнхийн хэлээр мэтгэлцээн зааж сургахыг эрмэлзэж байгаа юм. Энэ нь үндэсний цөөнхийн хэл соёлыг хадгалахад хувь нэмэр оруулах юм. Одоо тус хөтөлбөр нь олон улсын үйл ажиллагааг англи, орос хэлээр явуулж байна. Хилээр тусгаардлагдсан боловч нэг эх хэл бүхий сурагчдын дунд тэмцээн уулзалтуудыг зохион байгуулж байна. Литва дахь польшийн үндэсний цөөнх Польшид , Румыний унгар хэлтэй сурагчид Унгарт зохиогдсон цугларалтанд гэх мэтээр харилцан айлчилж хамтран суралцдаг билээ. Хуучин Югославын бүрэлдэхүүнд байсан Босни, Хорвати, Македони, Герцогивинийн сурагчид энэ орнуудад өрнөсөн зөрчил тэмцлээс үл шалтгаалан мэтгэлцээний үйл ажиллагаанд хамтран оролцож байсан нь тус хөтөлбөрийн нэг бахархал үнэхээр мөн юм. 
Үүний зэрэгцээ сурагчид гадаад хэлний чадвараа хөгжүүлэх өргөн боломжийг мэтгэлцээн олгодог билээ. Хоёр дахь хэлээр мэтгэлцэхдээ сурагчид хэлний чадвараа дараахи замаар дээшлүүлэх боломж нээгддэг юм. Үүнд: Мэтгэлцээнд бэлтгэхэд сурагчид гадаад хэлээр материал бие даан уншиж, тэмдэглэл хөтөлдөг.
Маш нягт бодож боловсруулсан кейсийг гадаад хэлээр бичиж бэлтгэх ёстой байдаг. Илтгэлээ гадаад хэлээр бусдад ойлгогдохоор танилцуулах нь үг хэллэгийг маш зөв хэрэглэхийг шаардана. Илтгэлийн явцад хэлний бэрхшээл гарвал мэдээж багийн гишүүд багш нар туслах нь санаа зовох зүйл биш байдаг. Үүнээс гадна эсрэг талын илтгэлийг анхааралтай сонсож утга төгөлдөр хариултыг өгөх нь сурагчийн гадаад хэлээр сонсох чадварыг эрс дээшлүүлнэ. 
Карл Попперийн мэтгэлцээн хөтөлбөр нь манай орны ахлах ангийн сурагчдын дунд англи хэлээр мэтгэлцээн зохион байгуулдаг ба жил бүр шалгарсан баг сурагчид олон улсын зуны цугларалтанд амжилттай оролцож байгаа билээ.

Нийтэлсэн АДМИН, 29-03-2013, 08:31

Хөтөлбөрийн түүх
Мэтгэлцээн гэж юу вэ?
Мэтгэлцээний боловсрол
Олон Улсын мэтгэлцээний боловсролын Холбооны тухай
Мэтгэлцээний клубүүд
Хөтөлбөрийн үйл ажиллагаа
Төслүүд
Хөтөлбөрт хэрхэн оролцох вэ?
МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn