Үйл ажиллагааны чиглэл

НЭГ. ОЛОН УЛСЫН АЛХАМ АЛХМААР ХОЛБООНЫ БАГШИЙН СТАНДАРТ 
Олон Улсын Алхам Алхмаар Холбооны багшийн стандарт нь бага насны хүүхэд, тэдний эцэг эхэд зориулан үлгэр жишээ боловсролын үйлчилгээ үзүүлэх, багшийг чадваржуулахад чиглэгдэнэ. Стандарт нь хүүхэд төвтэй сургалт, үйл ажиллагааны үзэл санаа, зорилгыг дэмждэг багш нарын мэдлэг, чадвар, арга зүйн болон ажиллах хүсэл сонирхолыг нь үнэлэх баримт бичиг бөгөөд хүүхдийн хөгжилд тохирсон үйл ажиллагааг явуулах, хөгжүүлэх сургалтын идэвхтэй арга зүйг эзэмшихэд туслах болно. Стандарт нь бүхэлдээ багшлах арга зүйг өөрчлөх урт хугацааны үйл явцыг шаардах боловч багшийн ажлыг шинэчлэх үр дүнтэй алхмуудыг хийж болохыг харуулсан юм. Олон Улсын Алхам Алхмаар Холбооны багшийн стандартын шаардлагыг дээд зэргээр ханган биелүүлснээр бага насны хүүхдэд үзүүлэх боловсролын үйлчилгээг чанартай, боловсронгуй болгож, ирээдүйн нийгэмд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа болно.

Багшийн стандартын чиглэл:

  • Багш, хүүхдийн харилцаа  

Насанд хүрэгсэд болон хүүхэд, хүүхэд хүүхдийн хоорондын харилцаа нь бие бялдрын, нийгмийн, сэтгэл санааны болон танин мэдэхүйн хөгжилд нөлөөлж, дэмжлэг үзүүлдэг  маш чухал зүйл юм. Түүнчлэн мэдлэг, туршлага, мэдрэмж, үзэл бодлоо хоорондоо харилцан солилцох замаар төлөвшүүлэх нь хүүхдийн суралцах үйл ажиллагаанд чухал дэмжлэг үзүүлдэг. Чухам харилцаагаар дамжуулан хүүхэд өөрийгөө нийгмийн гишүүн болохоо мэдэрч орчлон ертөнцийн талаар мэдлэг хуримтлуулдаг.
Багшийн гүйцэтгэх үүрэг бол хүүхдэд  харилцааны чадвар эзэмшүүлэх,  мэдлэг хамтран бүтээх үйл явцад оролцох боломжоор хангах, сурах хөгжих  үйл явцад  анхааралтай хандан, дэмжлэг үзүүлэх, хүүхдийн амьдралд насанд хүрэгсдийн үзүүлэх эерэг, хүндэтгэлтэй харилцааны загвартай танилцах боломжийг бүрдүүлэх, урьдчилан мэдэрч төлөвлөх  явдал юм. 
Аливаа үйл ажиллагааны явцад оролцож буй бүх талуудыг анхааралтай сонсож, хүндэтгэн харилцах харилцааг дэмжих нь хүүхдүүдийг өөрсдөдөө итгэлтэй байж нийгэмдээ хувь нэмрээ оруулдаг, мэдрэмжтэй гишүүн болон төлөвших явдлыг хөхүүлэн дэмжинэ.

  • Гэр бүл ба олон нийтийн оролцоо

Хүүхдийн сурах үйл ажиллагаа, хөгжилд багш нар, гэр бүл, нийгмийн бусад гишүүдийн түншлэл маш чухал байдаг. Багш гэрийн нөхцөл дэх суралцах орчны гүйцэтгэх үүрэг болон гэр бүл бол хүүхдийн хувьд боловсрол эзэмших, нийгэмшихүйн чадварт суралцах хамгийн анхны орчин гэдгийг ухамсарлан, сургууль, цэцэрлэг нь  гэр бүл/олон нийтийн хооронд хоёр талын байнгын харилцааны гүүр бий болгох үүрэгтэй. 
Хүүхдийн сурах үйл ажиллагаа, хөгжлийг дэмжихэд тэдний амьдарч буй гэр бүлийн орчин, нийгмийн гарал үүссэл, амьдралын хэв маяг, шинж чанарыг анхаарах ёстой. Багш нар гэр бүлтэй найрсаг, мэдрэмжтэй, хариуцлагатай хандан тэднийг сургууль болон ангийн үйл ажиллагаанд оролцох арга замуудыг нэмэгдүүлэхийн чухлыг өндрөөр үнэлэхийг зэрэгцээхүүхдийн сурах үйл явцад ихээхэн нэмэр хандив болж чадахыг нотлон харуулдаг. Багш гэр бүл, сургууль, олон нийт хоорондын үр дүнтэй харилцааг идэвхжүүлснээр нийгмийн илүү өргөн хүрээнд хүн бүрийн сонирхлыг хүндэтгэн, эв нэгдэлтэйгээр хүүхдийн боловсрол болон ирээдүйн төлөө хүлээх хариуцлагаа ухамсарлахыг дэмжинэ.

  • Тэгш хамруулах, ялгаатай байдал, ардчлалын үнэт зүйлс

Хүүхэд бүр, гэр бүл бүрийн тэр дундаа хамгийн эмзэг хэсгийнхний тэгш хамрагдах, хүндлэгдэх, үнэлэгдэх, оролцох, нэгдмэл зорилгын төлөө ажиллах, бүрэн хөгжих эрхийг хангах явдал нь чанартай арга зүйн салшгүй хэсэг юм. Өдөр тутмын үйл ажиллагаа нь НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Конвенц болон олон улс, үндэсний хэмжээний бусад бичиг баримтуудад шингэсэн итгэл үнэмшлүүдийг тусгасан байх нь маш чухал юм. 
Багш өдөр тутмын үйл ажиллагаагаараа дамжуулан хүүхдүүдийн ялгаатай байдлыг ойлгож, үнэлж сурах, оролцооны чадваруудаа хөгжүүлж төлөвшүүлэх явдлыг баталгаажуулж, үлгэр дууриал болж байх ёстой. Багш ялгаатай хэрэгцээг ухамсарлаж, нэгдмэл зорилгын төлөө үр дүнтэйгээр хамтран ажиллах, хувь хүүхдийн эсвэл тодорхой бүлгийн тусгай сонирхол, хэрэгцээг хүндэтгэх ёстой. Хүүхэд бүрийг сурч боловсрох үйл явцад идэвхтэй оролцогч, хувь хүн, нийгмийн тэгш эрхт гишүүн хэмээн хандах ёстой.

  • Төлөвлөлт ба үнэлгээ

Чанартай арга зүй нь төлөвлөлт ба үнэлгээг хүүхэд бүрийн сурах үйл явцыг дэмжин,  амжилт гаргах боломжийг олгоход гол үүрэг гүйцэтгэдэг хэмээн ойлгодог. Багш үндэсний түвшинд тавигдаж буй шаардлага, чөлөөтэй бүтээлчээр сэтгэх, эрэл хайгуул, судалгаа шинжилгээ хийх,  хувь хүүхэд болон бүлэг хүүхдүүдийн сонирхол, хэрэгцээг хөгжлийн үйл явцтай уялдуулан зүй зохистойгоор нэгдмэл хүрээнд авч үздэг. Төлөвлөлт-үнэлгээний цикл нь хүүхдийн төрөлхийн сониуч зан, өмнөх мэдлэг, чадвар, туршлага, сонирхолд тулгуурлан хүүхэд бүрийн хөгжил ба сурах үйл ажиллагааг дэмждэг. 
Энэхүү үйл ажиллагаагаараа өөрийгөө үнэлэх ба насан туршдаа сурах чадварыг хөгжлийг дэмждэг. Хүүхдийг системтэйгээр ажиглах болон бусад тохиромжтой аргыг хэрэглэх замаар багш нар хувь хүүхэд болон бүлэг хүүхдүүдийн сонирхол, хэрэгцээнд нийцсэн урт хугацааны болон богино хугацааны  сургалтын болон нэгж хичээлийн төлөвлөгөөг боловсруулдаг. 
Багш хүүхдүүдийн одоо хийж, мэдэж, ойлгож байгаа зүйл дээр тулгуурлан төлөвлөгөө боловсруулдаг бөгөөд тэднийг нөөц бололцоо, хүч чадлаа бүрэн дайчлан сурч хөгжихөд шаардлагатай дэмжлэгийг үзүүлдэг. Төлөвлөгөө нь хүүхэд бүрийн сурах арга барил, чадварын ялгааг тусгаж, шаардлагатай үед түүнд өөрчлөлт хийж болдог. Хүүхдүүд, гэр бүл, холбогдох мэргэжилтнүүдийг үнэлгээ, төлөвлөлтийн циклд оролцуулдаг. Энэ  нь тодорхой чиглэлтэйгээр явагдахаас гадна уян хатан байж, сурах үйл ажиллагааны ахиц,  хүүхдийн болон хүрээлэн буй орчин, дэлхий дахины амьдралд гарч буй өөрчлөлт зэргийг тусгаснаар сайжруулах шаардлагатай хэсгүүд болон дараагийн алхмуудыг тодорхойлдог.

  • Багшлах арга зүй

Чанартай сургалт нь халамж анхаарал болон хүүхдийн сурах, багшийн сурган хүмүүжүүлэх явцын нэгдмэл байдал, хүүхэд бүрийн сайн талууд, сурах эрх, үйл ажиллагаанд тавигдах шаардлага, итгэл үнэмшил дээр суурилдаг. Сурах үйл өөр өөр арга замаар өөр өөр нөхцөлд явагддаг гэдгийг ухамсарлахын зэрэгцээ сургалтын туйлын зорилго нь хүүхэд бүрт өндөр боловч хүрч чадахуйц  зорилтыг тодорхойлж, тэдний сониуч зан, эрэл хайгуулч чанар, бүтээлч сэтгэлгээ, хамтын ажиллагааг дэмжсэнээрээ  насан туршдаа суралцах чадваруудыг хөгжүүлдэг.
Багшийн арга зүй нь ардчиллын үнэт зүйлсийг тусгасан, хүүхдийн сурах үйл ажиллагааг дэмжих байдлаар хэрэгждэг. Хүүхдийн танин мэдэхүйн хөгжил болон сурлагын амжилт нь нийгмийн хөгжилтэйгээ хамт явагдах ёстой. Арга зүй нь бусдыг ойлгох мэдрэмж, ялгаатай байдалд нээлттэй, хүндэтгэлтэй хандах хандлага, үзэл бодлоо илэрхийлэх ба тайлбарлах, сонголт хийж ухаалаг шийдвэр гаргаж, нэгдмэл ойлголтод хүрэх зэрэг хүүхдэд нийгмийн хариуцлагатай гишүүн болон төлөвшихөд шаардагдах чадваруудыг олгох ёстой. Хүүхэд бүрийг сурах үйл ажиллагаандаа амжилт гаргаж, үндэсний хэмжээнд тавигдаж буй шаардлага болон хувийн хөгжлийн зорилгуудад тодорхойлсон үр дүнд хүрэхэд хамгийн сайн дэмжлэг болох  ямар арга зүйг сонгон хэрэглэх тухай шийдвэрийг багш гаргана.

  • Сургалтын орчин

Сургалтын орчин нь хүүхдийн танин мэдэхүйн, нийгмийн, сэтгэл хөдлөлийн болон бие бялдрын хөгжилд маш ихээр нөлөөлдөг. Хүүхдийн хөгжилд тохирсон олон төрлийн сургалтын хэрэглэгдэхүүн, даалгаврууд, нөөц материал бүхий бие бялдар, сэтгэл зүйн хувьд аюулгүй, өдөөгч орчныг бий болгосноор багш төрөл бүрийн тоглоом, эх сурвалжтай танилцан, бие дааж болон багаар ажиллах, эрэл хайгуул хийж, бусад хүүхэд, насанд хүрэгсэдтэй харилцах харилцаагаар дамжуулан хүүхдийн сурах үйл ажиллагааг дэмждэг.
Багш хүүхэд бүртэй найрсгаар харилцан, хүлээн авснаар бүгд хүндлэгдэж, бидний гэр бүл болгон манай ангийн чухал хэсэг, бид амьдарч буй орчин, нийгмийн хүрээлэл, эх сурвалжаас үр ашгийг хүртэж, тэдгээр үйл ажиллагаанд тогтмол  оролцох боломжтой гэсэн санааг хүүхдүүдэд төрүүлдэг. Хүүхдүүдэд аюулгүй орчин бий болгож тэдний сурах тусгай хэрэгцээг хангаснаар багш тэдэнд хамтран ажиллах, төрөл бүрийн үйл ажиллагаанд оролцож, сурах явцад гарах эрсдэлийг хүлээхэд нь дэмжлэг үзүүлдэг. Сургуулиас гадуурх болон амьдран байгаа нийгмийн орчны эх сурвалжууд нь сургалтын баялаг орчны үнэ цэнэтэй хэрэглэгдэхүүн болдог.

  • Багшийн хөгжил

Чанартай сургалтыг гардан хэрэгжүүлэгч багш нь өөрийгөө хөгжүүлэх үйл ажиллагаанд байнга оролцож, мэргэжлээ дээшлүүлдэг, сургалт, үйл ажиллагаагаа эргэцүүлэн бодож, насан туршдаа суралцах үйл явцыг биеэрээ үлгэрлэн бусадтай хамтран ажилладаг байна. Багшийн үүрэг бол үндэсний хэмжээнд боловсролын асуудал эрхэлсэн байгууллагаас тогтоосон шаардлагыг хүүхэд бүр амжилттай сайн суралцаж чадна гэсэн итгэл дээр тулгуурласан арга замуудаар хэрэгжүүлэх явдал юм. 
Багшийн загвар нь өдөр тутмын амьдрал болон ажил хөдөлмөрт тохиолдох шинэ шинэ сорилтууд, нийгэмд гарч буй өөрчлөлтүүдийг мэдрэх өсөн нэмэгдэж буй шинэ мэдээлэл, технологийн хурдтай зэрэгцэн сурч мэдэхийн төлөө эвтэй найртай хамтран суралцах, бусдыг үлгэрлэн дагуулах  чадваруудаар тодорхойлогдоно. Идэвхтэй оролцоо, бүтээлч эргэцүүлэл, бусадтай хамтран ажиллах замаар багш нар өөрсдийн ажлын гүйцэтгэлийнхээ чанарыг дээшлүүлж, мэргэжилдээ өссөнөөр, бүх хүүхдэд чанартай боловсрол олгохын төлөө нөлөөлж ажиллах чадвараа нэмэгдүүлдэг.

ХОЁР. ХҮҮХЭД ТӨВТЭЙ СУРГАЛТЫН ОРЧИН, АРГА ЗҮЙ

  • Сургуулийн өмнөх буюу 2-5 хүртэлх насны хүүхдийн сурч хөгжих таатай сургалтын орчны загвар
  • Сургуулийн 1-5 дугаар ангийн хүүхдийн сургалтын орчны загвар
  • Хүүхэд төвтэй сургалтын арга зүйн цогц ном, гарын авлага

ГУРАВ. ЭЦЭГ ЭХИЙН БОЛОВСРОЛ
Эцэг эхчүүдэд бага насны хүүхдийн хөгжлийн талаарх мэдлэгээ дээшлүүлж улмаар хүүхэдтэй ажиллах эв дүй, чадвараа сайжруулахад нь туслах зорилгоор дараах үйлчилгээг санал болгодог.

  • Эцэг эхийн хэрэгцээнд тулгуурласан сургалт
  • Эцэг эхэд зориулсан зөвлөмж, ном, гарын авлага

Эцэг эх, гэр бүлийн гишүүд сургалтанд хамрагдаж, ном, гарын авлагаар хангагдсанаар:

  • Хүүхдийн хөгжлийн талаарх шинэ мэдээллээр хангагдана.
  •  Хүүхэдтэйгээ хамт тоглох, аливаа үйлдэл хийх олон аргатай танилцана.  
  • Эцэг эх, хүүхэдтэйгээ харилцах идэвхтэй, эрүүл, зөв харилцааг эзэмшинэ.
  • Хүүхдээ сургаж, хөгжүүлэх чадвартай болно.  

"Эцэг эх-Та багш” сургалт
Эцэг эхчүүд сургалтанд хамрагдснаар бага насны хүүхдийн хөгжлийн онцлогтой танилцаж, хүүхэдтэйгээ хамтран суралцаж хөгжинө. Тэд хүүхэдтэйгээ ажиллах аргад суралцаж, сэтгэлгээ өөрчлөгдсөнөөр эцэг эх, хүүхдийн хоорондын харилцаа сайжирч, хүүхдэдтэйгээ ажиллах эв дүй нь сайжирна. Эцэг эхчүүдийн хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлага нэмэгдэж, гарын авлага, хэрэглэгдэхүүнээр хангагдана.
"Хамтдаа сурцгаая”сургалт
Хүүхдийн сонсох, ярих, ажиглах, тоо бодох, үсэг нүдлүүлэх, зураг будах, ном бүтээх чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн болно. Сургалтанд хамрагдснаар хүүхэд ба эцэг эхчүүдэд зориулсан дасгал ажлын ном, гарын авлагаар хангагдаж хүүхдээ гэрийн сургалтаар хөгжүүлэхэд эцэг эхчүүдэд дэмжлэг үзүүлнэ. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамтран ажиллах арга зүйд суралцснаар хүүхдэд сурах арга барил эзэмшүүлэх чадвартай болно.
"Сургалт тоглоом” сургалт
Сургалт нь 0-2 настай хүүхдийн хөгжлийг дэмжих хамгийн сайн арга болох тоглоом болон бага насны хүүхдийн хөгжлийн онолын зарим шинэлэг мэдээллээр баялаг байх болно. Мөн нялх, нярай насны хүүхэдтэй тоглохын өмнөх эхний алхам болох ажиглалтыг хэрхэн хийх болон хүүхдийн эзэмшсэн шинэ зан үйл, чадвар дадлыг соргогоор мэдэрч сурахаас гадна тэрхүү илэрсэн зан үйлийг тоглоомтой хэрхэн холбох, тоглоомоороо хэзээ, хаана, хэрхэн тоглох, тоглоомын зааврыг чанд мөрдөх үү эсвэл хувирган өөрчлөх үү гэдэг стратегийг  боловсруулж хэрэгжүүлэх зэрэг мэдээлэлтэй танилцана.

Нийтэлсэн АДМИН, 29-03-2013, 08:49

Хөтөлбөрийн тухай
Чанартай арга зүйн зарчимууд
Бүсийн сургалт, уулзалт
Эцэг эхийн боловсрол
Багшийн хөгжил
Төслүүд
МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn